Return to BahaiPrayers.net
Facebook
Өнө мөнх чанарынхаа тансаг үнэртэй горхиноос надад ус хайрлаач, Бурхан минь, Өөрийн ахуйн модны жимснээс надад амсуулаач, Итгэл найдвар минь! Энэрэл хайрын болор тунгалаг булгаасаа уухыг зөвшөөрөөч, Яруу алдарт минь, үүрд орших зөн билгийнхээ сүүдэр дор суух боломжийг хайрлаач, Гэрэл гэгээ минь! Танд ойр байгаа нутгийн тал нугад Таны дэргэдүүр хэрэн хэсүүчлэх хүч тэнхээг олгоно уу, Хайрт минь, энэрэл өршөөлийнхөө сэнтийн баруун гар талд намайг суулгаж хайрлана уу, Хүслэн минь! Өөрийн баяр цэнгэлийн анхилуун үнэрт салхиараа намайг үлээнэ үү, Зорилго минь, Өөрийн бодит байдлын диваажингийн оронд нэвтрүүлэн оруулна уу, Бишрэл шүтээн минь! Таны нэг нэгдмэл чанарын тагтааны аялгууг надад сонордуулаач, Гойд сайхан минь, Өөрийн хүч чадлын увдисаар намайг амьдруулаач, Хангагч минь! Хайр ивээлийнхээ сүнс сүлдээр намайг туйлбартай болгож хайрлаач, Тэтгэгч минь, Өөрийн хүсэл таашаалын замаар миний хөлийг бат гишгүүлж хайрлана уу, намайг Бүтээгч минь! Өнө мөнхийн цэцэрлэгтээ Таны дүр царайны өмнө мөнх байх зөвшөөрөл хайрлана уу, намайг энэрэн хайрлагч Та минь, Өөрийн яруу алдрын суудалд намайг суулгаж хайрлана уу, Эзэгнэгч минь! Хайр халамжийнхаа тэнгэр өөд намайг өргөж өндийлгөнө үү, Амьдруулагч минь, Өөрийн удирдлагын Өдрийн Од руу намайг хөтлөн дагуулаач, сэтгэлийг Татагч Та минь! Таны үл харагдах сүнс сүлдний үүдэл нээлтийн өмнө намайг дуудаж аваачна уу, миний Үүсэл гарлын Эх, Эрхэм дээд Хүсэл Та минь ээ! Өөрийн гоо үзэсгэлэнгийн анхилуун тансаг мөн чанар луу намайг эргүүлэн аваачаач, миний Бурхан Та минь!
Хүссэн бүхнээ хийх чадалтай билээ, Та. Та чухамхүү Хамгаас өргөмжит, Хамгаас Яруу Алдарт, Эрхэм Дээдийн Дээд нь билээ.
- Bahá'u'lláh