Return to BahaiPrayers.net
Facebook
Аяа, өгөөмөр Эзэн тэнгэр минь! Эдгээр хүмүүс бол хамтдаа хуран цугласан, Таны хайранд умбасан Таны анд нөхөд билээ. Тэд Таны гоо үзэсгэлэнгийн туяанд уяран хөөрч, Таны нүд булаам, анхилуун намираа үсэнд сэтгэл автсан билээ. Тэд зүрх сэтгэлээ Танд бүрнээ даатгаж, номхон хүлцэнгүй, хүч мөхөс байдлаар Таны зам мөрөөр хэрэн хэсүүчлэх ажгуу. Тэд таних андаа ч, танихгүй хүмүүсийг ч умартан орхиж, Таны эв нэгдлийн амгайгаас бат зуурсаар Таны өмнө бишрэнгүйгээр мэхийсэн байна.
Доорд энэ ертөнцөд харъяатай байсан тэднийг Та Хаант улсдаа угтан авсан билээ. Хомсдол хохирлын цөлд ургамал мэт хагдарч хатсан тэднийг Та эрдэм мэдлэг, ухаарахуйн цэцэрлэгт зулзаган мод болгон ургуулсан. Дуу хоолойгоо гаргах чадалгүй анир чимээгүй байсан, тэд. Харин Та тэдэнд үг дуугаа гаргахад нь тусалсан. Сэтгэлээр унаж гутарсан байсан тэднийг Та урамшуулан гэгээрүүлсэн билээ. Хатаж гандаад, үржил шимгүй хөрс лүгээ адил байв, тэд. Харин Та тэднийг дотоод утга санаагаар баялаг сарнайн цэцэрлэг болгон хувиргасан. Тэд хүн төрөлхтний ертөнцөд балчир хүүхэд мэт байсан бол Та тэднийг тэнгэрлэг ертөнцөд нас бие гүйцэхэд нь тусалсан билээ.
Аяа, эелдэг Бурхан минь! Та тэдэнд Өөрийн хамгааллын нөмөр дор хоргодох орогнол олгож, зовлон сорилтоос өмгөөлөн хамгаална уу. Тэдэнд Та үл үзэгдэх тус дэмжлэгээ өгч, Өөрийн хувиршгүй өршөөл ивээлээ хайрлана уу.
Аяа, эелдэг, хайрт Эзэн тэнгэр Та минь! Тэд бол ахуй бие бөгөөд харин Та амьдралын Сүнс ажгуу. Сүнсний буян ивээлээс ахуй биеийн соргог, гоо үзэсгэлэнт чанар хамаарах бөлгөө. Тиймийн учир тэд Таны өглөг баталгааг горилон энэхүү шинэ Үүдэл нээлтэд Ариун Сүнсний дэмнэх эрч хүчийг хүсэмжлэн гуйж байна. Та бол Хүчирхэг. Та бол Өглөгч, Хангагч, Хишиг хайрлагч, Өршөөгч бөлгөө. Та бол үл үзэгдэх Ертөнцөөс тодрон гялалзах Нэгэн бөлгөө.
- `Abdu'l-Bahá