Return to BahaiPrayers.net
Facebook
Аяа Элэгсэг Эзэн тэнгэр, зүрх сэтгэлийн минь мөрөөдөл болсон Та минь ээ! Өөрийн эелдэг зөөлөн сэтгэлийг Өөрийн анд нөхдөд үзүүлж, хувиршгүй энэрэл буянаасаа тэдэнд хүртээж соёрхоно уу. Танд зориулсан хайрандаа дүрэлзэн оргилсон тэдний сэтгэл санааг нь Та уужруулж, Таныг хүсэн мөрөөдсөн тэдэнд хань нөхөр, тайтгарал, хайр дүүрэн журмын анд нь болно уу. Тэдний зүрх сэтгэл Таны хайрын галд дүрэлзэж, тэдний сэтгэл Таны төлөөх үнэнч сэтгэлийн халуун дөлд шатан байна. Тэдний хүн нэг бүр амь амьдралаа өргөл болгоход бэлэн, хайрын тахилын хоймор өөд яаран тэмүүлнэ.
Аяа Тэнгэрлэг Зөн билэгтэн минь! Өөрийн өршөөл нигүүлслийг тэдэнд хайрлаж, зөв замд залан чиглүүлж, оюун санааны ялалтанд хүрэхэд нь ивээлээр тусалж, хурмастын буян хишгээ тэдэнд хайрлаач. Эзэн тэнгэр минь, Өөрийн өгөөмөр ивээл буянаар тэдэнд тусалж, тэдний гэрэлтсэн нүүр царайг Таны мэдлэгийн төлөө чуулсан хурал чуулганыг гийгүүлэх удирдамжийн гэрэлт дэнлүү, Таны шад мөрүүдийг дуурсгах уулзалт цуглааныг ивээх тэнгэрлэг буян хишгийн шинж тэмдэг болгож хайрлаач. Та үнэнхүү Энэрэнгүй, Бүхнээс Буян хишигтэн, бүхий л хүн төрөлхтний залбиран гуйдаг Цорын ганц Туслагч нь билээ.
- `Abdu'l-Bahá