Return to BahaiPrayers.net
Facebook
Тэрээр Хамгаас Гоо жавхлант, Хамгаас Сүр жавхаат мөн билээ.
Аяа, Тэнгэрлэг Зөн билигтэн минь, өршөөнгүй Эзэн тэнгэр минь! Таныхаа магтууг зүй ёсоор аялгуулан дуулж, эсвэл Таныгаа бүрэн хангалттай сүсэглэн биширч, магтан мандуулж яахан чадах билээ, өчүүхэн би? Ямар ч хэлээр Таныг дүрслэн тайлбарлавал чухамдаа алдас болох бөгөөд Таны дүрийг ямар ч үзгээр дүрслэн харуулъя гэвээс ийм агуу бэрх зүйлийг оролдож үзэх нь үнэнхүү мунхагийн нотолгоо болох билээ. Хэл бол махбодын элементээс бүрэлдсэн хэрэгсэл төдий бөгөөд дуу хоолой, хэл яриа нь тохиолдлын л чанартай онцлог шинжүүд бөлгөө. Тиймээс би газрын дуу хоолойны хэрэгслээр хэний ч үл зэрэгцэх, хэний ч үл эн тэнцэх Түүний магтууг хэрхэн алдаршуулан дуулж чадах билээ? Миний өгүүлэн хэлж, эрэлхийлж чадах бүхэн болбоос хүмүүний оюун ухаанд л багтах, хүмүүний ертөнцийн хязгаарт л баригдах зүйлсээр хязгаарлагдана. Хүний ухаан бодол тэнгэрлэг ариун мөн чанарын тэртээх өндөр оргилууд руу хэрхэн мацаж чадах билээ? Хоосон мөрөөдлийн аалз нь ариун дагшин чанарын энх тунх орчинд дэмий төсөөллийн эмзэг тороо хэрхэн нэхэн сүлжиж чадах билээ? Гагцхүү өөрийн хүчин мөхөс, бүтэлгүй дорой байдлаа гэрчлэн өчихөөс өөр юу ч би хийж үл дийлнэ. Та бол үнэнхүү Бүхнийг Эзэмшигч, Хүршгүй бөгөөд ойлгон ухаарагч хүмүүний ойлгох ухаанаас ч дээр цаглашгүй өндөрт өргөмжлөгдсөн Тэрээр мөн билээ.
- `Abdu'l-Bahá