*(Хорин дөрвөн цагт нэг удаа уншина)
*Энэ мөргөлийг уншихыг хүссэн хүн Бурхан руу харан зогсоод, зогсож байхдаа Хамгийн Ивээлт, Хайрлан Өрөвдөгч Эзэн тэнгэрээсээ өршөөл хүсэн хүлээж байгаа байдлаар эхлээд баруун гар тийш, дараа нь зүүн гар тийш ширтэг. Тэгээд ийнхүү хэлэг:
Бүх алдар нэрсийн Эзэн Та, диваажинг Бүтээгч Та! Мөргөлийг минь Таны төгс үзэсгэлэнгээс намайг далдлагч халхавчийг хуулан шатаах гал, Таны Оршихуйн далай руу хөтлөх гэрэл гэгээ болгохыг Хамгаас Өргөмжит, Нэн Жавхлант Таны үл үзэгдэх Мөн Чанарын Үүрийн цолмон бологчдын нэрийг барин залбиран гуйя.
*Дараа нь адистат, өргөмжит Бурхан руу хандаж, гараа залбирангуй өргөн ийнхүү хэлэг:
Ертөнцийн Хүслэн болсон Та, үндэстэн түмэнд хайрлуулсан Та! Үйл хөдлөлөөрөө орчлон дэлхийг амьдруулан сэргээсэн Танаас өөр хэнд ч үл уягдан, Таны олсноос бат зууран Таны зүг хандсан байгааг минь Та харж байгаа билээ. Эзэн тэнгэр минь, би бол Таны зарц, Таны зарцын хүү билээ. Таны хүсэл тааллыг биелүүлэхэд бэлэн, Таны сайшаал таашаалд нийцэхээс өөр юуг ч үл хүсэн зогсож байгаа намайг харагтун. Хүссэн зорьсон бүхнээ өчүүхэн зарцдаа зарлиг болгохыг Таны өршөөлийн их Далай, Таны энэрлийн Үүрийн туяанаас хичээнгүйлэн гуйя! Магтан бахдаж баршгүй Таны суу хүчээр өчсү! Таны нээж туурвисан бүхэн миний зүрх сэтгэлийн мөрөөдөл, миний сэтгэл зүрхний хайр билээ. Бурхан минь, Бурхан минь! Миний найдвар, үйл хөдлөлийг бүү харгалз. Тэнгэр диваажин ба газар дэлхийг бүхэлд нь нөмөрсөн Өөрийн хүсэл тааллыг л болгоогтун. Үндэстэн түмэн бүхний Эзэн тэнгэр Таны Хамгийн Дээд Алдарыг дуудах минь! Би Таны хүссэн бүхнийг хүсэж, хайрласан бүхнийг тань хайрлаж яваа билээ.
*Дараа нь өвдөг сөгдөн тонгойж, духаараа газар хүргэн ийнхүү хэлэг:
Таны өргөмжит чанар Өөрөөс тань өөр хэн ч дүрсэлж үл чадах, Танаас өөр хэн ч ухааран ойлгож үл чадах тийм агуу билээ.
*Дараа нь босоод ийнхүү хэлэг:
Эзэн тэнгэр минь, мөргөлийг минь Таны ноёрхол оршин тогтнох бүхий л хугацаанд намайг амьдруулах, Таны ертөнцүүдийн ертөнц бүхэнд Таныгаа дурсаж явахад минь тэтгэх мөнхийн усны ундарга болгож хайрлаач.
*Дараа нь гараа дахин залбирангуй өргөж ийнхүү хэлэг:
Танаас хагацан хөндийрсэн хүний зүрх сэтгэлийг хайлуулж, хайрынхаа галаар дэлхийг бүхэлд нь дүрэлзүүлэн асаадаг Та минь ээ! Өөрийн буян ивээлийг надаас бүү холдуулаач гэж бүтээлт орчлонг номхтгосон Алдар нэрийг тань барин гуйя, Хамаг хүн ардыг захирагч Та минь! Эзэн тэнгэр минь, Таны энэрлийн хүрээлэнд Таны сүр жавхлангийн дээвэр дор оршиж буй хамгаас тэнгэрлэг гэр лүүгээ яаран буй энэ үл таних хүнийг, мөн Таны өршөөлийн далайг хайсан энэ нүгэлтнийг, Таны алдрын өргөөг эрсэн энэ өчүүхэн доорд амьтныг, Таны баялгаас сувд эрдэнэ горилсон энэ ядуу амьтныг Та харж байгаа билээ. Та юу л хүссэнээ захиран айлтгах эрх мэдэлтэй. Та үйлсээрээ магтуулах ёстойг, Таны зарлигийг дагаж биелүүлбэл зохихыг, Таны лүндэн буулгах эрх хязгааргүй гэдгийг би гэрчилнэ.
*Дараа нь тэрээр гараа дээш өргөөд “Нэн Агуу Алдар” -ыг гурван удаа давтан хэлэг. Тэгээд доош тонгойн хоёр гараа өвдөг дээрээ тавин адистат өргөмжит Бурханы өмнө ийнхүү хэлэг:
Бурхан минь, Таныг шүтэн бишрэх гэсэн оргилуун хүсэлдээ, Таны алдрыг дурсаж, магтан өргөмжлөх тэмүүлэлдээ миний сүнс бадарч бүх үе мөч, эрхтнээр минь дамжин булгилж байгааг, Таны айлдварын хаант улс, Таны эрдэм мэдлэгийн тэнгэрт Таны Зарлигийн Хэл айлдан гэрчилсэн бүхнийг бас гэрчилж байгааг Та харж байгаа билээ. Эзэн тэнгэр минь, би ийм л байдалдаа өөрийнхөө үгээгүй ядууг харуулахын зэрэгцээ Таны буян хишиг, Таны баялгийг магтан мандуулж, өөрийнхөө арчаагүй доройг илтгэхийн сацуу Таны хүч чадлыг тунхаглахад минь ивээлээ хайрлахыг Танаас хичээнгүйлэн хүснэ.
*Дараа нь тэрээр босч зогсоод гараа хоёр удаа хүндэтгэл бүхий өргөөд ийнхүү хэлэг:
Хамгаас Хүчтэй, Хамгаас Буянтан Танаас өөр Бурхан үгүй. Эхлэлд ч, төгсгөлд ч Зарлиг буулгагч Танаас өөр Бурхан үгүй. Бурхан минь! Бурхан минь! Таны өршөөл намайг зоригжуулж, Таны нигүүлсэл намайг тэнхрүүлэн, Таны дуудлага намайг сэрээж, Таны хайр ивээл намайг өндийлгөн Таны зүг хандууллаа. Ингээгүй бол Танд ойрхон буй хотын хаалганы өмнө зогсох юмуу Таны хүсэл тааллын тэнгэрээс цацарч буй гэрлийн зүг нүүрээ хандуулж зүрхлэх би хэн билээ? Энэ дорой хүн Таны ивээлийн үүдийг тогшиж, энэ зуурдын амьтан Таны хайр хишгийн мутраас мөнх амьдралын рашааныг хүртэхийг хүсэж байгааг Эзэн тэнгэр минь Та харж байгаа билээ. Бүхий л цаг үед захиран туушаах эрх Таных билээ, бүх алдар нэрсийн Эзэн тэнгэр минь! Харин Таны хүсэл таалалд хүлцэж дуртайяа захирагдах үүрэг бол минийх билээ, Диваажинг бүтээгч минь!
*Дараа нь гараа гурвантаа дээш өргөн ийнхүү хэлэг:
Бурхан агуу дээдэс бүхнээс агуу дээд билээ!
*Дараа нь өвдөг сөгдөн тонгойж, духаараа газар хүргэн ийнхүү хэлэг:
Танд ойртон дөхсөн тэдний магтуу Танд ойртохуйн диваажинд дүүлэн хүрэхээргүй, эсвэл Танд үнэнч сэтгэлээ зориулсан тэдний зүрх сэтгэлийн шувууд Таны үүд хаалганд нисэн очиж гүйцэхээргүй Та хэтэрхий өндөрлөгт заларч байгаа билээ. Та бүхий л шинж чанараас дээгүүр гэгээн, бүхий л алдар нэрсээс давуу ариун нандин гэдгийг би гэрчилье. Хамгаас өргөмжит, Хамгаас Гоо жавхлант Танаас өөр Бурхан үгүй.
*Дараа нь суугаад ийнхүү хэлэг:
Таныг Бурхан болохыг, Танаас өөр Бурхан үгүй болохыг, Тодорсон Нэгэн бол Далдын Нууц бөгөөд “буй бол” хэмээсэн үгний үсгүүдийг нийлүүлэн холбосон Эрдэнийн Бэлэг тэмдэг болохыг бүхий л бодгаль зүйлс, дээд тэнгэрийн Хурал, хамгаас дээд Диваажингийн оршин суугчид хийгээд тэдгээрээс гадна хамгаас алдарт Тэнгэрийн хаяаны алсаас Сүр жавхлангийн Хэл гэрчилснийг би бас гэрчилье. Эрхэм Дээдийн бийрээр алдар нь бичигдэж, тэнгэр диваажин ба газар дэлхийн Сэнтийд залрагч Эзэн тэнгэр Бурханы Судар номонд нэр нь дурдагдсан Нэгэн бол Тэр мөн гэдгийг би гэрчилье.
*Дараа нь цэх шулуун зогсоод ийнхүү хэлэг:
Бүхий л оршихуйн Эзэн, нүдэнд үзэгдэгч ба үл үзэгдэгч бүхнийг Эзэмшигч Та минь ээ! Нулимсаа асгаруулан санаа алдахыг минь Та анзааран мэдэрч, ёолон уйлахыг минь сонсож, зүрх сэтгэлээрээ шаналан өвдөхийг минь мэдэж байгаа билээ. Таны хүч чадлыг барин өчсү! Хийсэн гэм буруу минь Танд ойртохоос намайг холдуулж, үйлдсэн нүгэл минь Таны ариун гэгээн өргөөнөөс намайг хөндийрүүллээ. Эзэн тэнгэр минь, Таны хайр намайг баяжуулсан бол Танаас хөндийрсөн минь намайг сүйрүүлж, Танаас холдсон минь намайг үгүйрүүлж байна. Энэ цөлд гишгэсэн Таны хөлийн мөрт сөгдөн, энэ уудам ертөнцөд Таны сонгомол Шавь нар “Би энд байна, би энд байна” гэж айлдсан тэр үг, Таны Үүдэл нээлтийн амьсгал хийгээд Таны Тунхаглалын Үүрийн цолмонгийн эелдэг зөөлөн сэвшээг барин Таны гоо үзэсгэлэнг ширтэж, Таны Сударт бичигдсэн бүхнийг даган мөрдөх буян заяаг надад хайрлахыг хичээнгүйлэн хүсье.
*Дараа нь “Нэн Агуу Алдар”-ыг гурвантаа давтан доошоо тонгойн гараа өвдөг дээрээ тавьж ийнхүү хэлэг:
Бурхан тэнгэр минь, Таныгаа дурсаж, магтан дуулахад минь тусалж, Таны шинж тэмдгийн Үүрийн цолмон болсон Түүнийг надад таниулж, Өөрийн Эрхшээлийн өмнө намайг сөгдүүлж, Өөрийн Бурханлаг Биеийн өмнө намайг номхруулж, Өөрийн Сүр жавхлангийн Хэлээр айлдсан бүхнийг хүлээн зөвшөөрүүлсэн Таныг магтан өргөмжилье.
*Дараа нь босоод ийнхүү хэлэг:
Бурхан минь, Бурхан минь! Миний нуруу хийсэн нүгэлдээ бөгтийж, хайхрамжгүй байдал минь намайг сүйрэлд орууллаа. Өөрийнхөө хийсэн гэм бурууг болон Таны уужим өршөөнгүй сэтгэлийг бодох бүрийд зүрх сэтгэл минь хайлан уусч, цус минь судсаараа буцална. Ертөнцийн хүсэл мөрөөдөл болсон Таны гоо үзэсгэлэнг барин өчсү! Би Таны зүг нүүр царайгаа хандуулахаас эмээж, хүслийн гараа Таны хайр хишгийн тэнгэр өөд сунгахаас ичих юм. Бурхан минь, Таныг дурсан санаж, Таны ариун чанарыг магтан өргөмжилье гэтэл нулимс минь саад болж байгааг та харж байгаа билээ, дээд тэнгэр ба доод газрын Сэнтийд залрагч Эзэн тэнгэр Та минь ээ! Таны Хаант улсын шинж тэмдгүүд болоод Таны Эрхшээлт ертөнцийн нууцсыг барин Танаас залбиран гуйя: хайрт шавь нартаа Өөрийн хайр энэрэл, Өөрийн буян ивээлийн үүднээс хандана уу, бүхий л оршихуйн Эзэн тэнгэр, нүдэнд үзэгдэх ба үл үзэгдэх бүхний Хаан минь ээ!
*Дараа нь “Нэн Агуу Алдар”-ыг гурвантаа давтаж, өвдөг сөгдөн тонгойж, духаараа газар хүргэж ийнхүү хэлэг:
Бурхан минь, биднийг Танд ойртуулсан тэр зүйлийг бидэнд илгээж, Өөрийн Сургаал, Судар номондоо айлтгасан сайн сайхан бүхнээр биднийг хангаж өгсөнд Таныгаа магтан өргөмжилье. Эзэн тэнгэр минь, элдэв дэмий мөрөөдөл, хоосон төсөөллөөс биднийг хамгаалахыг Танаас хичээнгүйлэн гуйя. Та үнэндээ Хамгийг Чадагч, Бүхнийг Мэдэгч билээ!
- Bahá'u'lláh