The Universal House of Justice
Ridván 2026
To the Bahá’ís of the World
Dearly loved Friends,
Есөн Жилийн Төлөвлөгөөний илүү өргөн далайцтай хоёр дахь үе шат ийнхүү эхэлж байна. Дэлхийн Бахайн нийгэмлэг өөрсдийн эхлүүлсэн үйл хэрэгтээ нэгдмэл санаа зорилготой, сонгосон зам мөрдөө зүй ёсоор итгэл төгс урагшлан буйг бид харж байна. Тэдний зорилго чиг хийгээд итгэл үнэмшил нь эндүүрэхийн аргагүй тодорхой ажээ. Тэд дэлхий дахинаа улам дордон буй үймээн самуунт байдалд үл шантран, ариун эрхэм зорилгодоо төвлөрч байна. Бид шинээр нэгдэн орсон сүсэгтнүүд үйлчилгээ болон үйл ажиллагааны талбарт Шүтлэгт эртнээс нэгдсэн анд нөхөдтэй мөр зэрэгцэн урам зориг дүүрэн гар бие оролцож буйд онцгой баярланам. Гуравдугаар зааг шавгад хүрсэн кластерууд нь арвин туршлага хуримтлуулах, түүнийгээ түгээн дэлгэрүүлэхэд нэн таатай орчин болохоо батлан харуулсаар байна. Түүнчлэн өнгөрсөн Арванхоёрдугаар сард энд хуран цугласан Зөвлөхүүдэд хандан бидний илгээсэн захидлыг хаа сайгүй эргэцүүлэн тунгаахын зэрэгцээ анд нөхөд төлөвлөгөө гаргаж түүнийхээ дагуу үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ уг захидлаас удирдамжаа аван буйг харахдаа бидний сэтгэл юутай таатай.
Энэхүү зорилго дүүрэн сэтгэл санаа нь дэлхий даяар явагдсан байгууллагуудын уулзалтуудын үеэр онцгой тод харагдсан билээ. Эдгээр уулзалтын тайлан мэдээ бүхэнд ижил нэгэн онцгой үзэгдлийн талаар дахин дахин дурдсан байсан нь, ойлголт ухаарлаар дүүрэн гүн гүнзгий харилцан яриа нь таамаглал эсвэл онолд гэхээсээ илүүтэй амьд цоглог нийгэмлэгийг бүтээн босгох шууд туршлага дээр тулгуурлаж байсан явдал юм. Газар бүрд өрнөж буй суралцахуйн тасралтгүй үйл явц уг харилцан ярианы амилуулан сэргээгч нь болж байлаа. Бахайн нийгэмлэгийн хүчин чармайлтын ач холбогдол болон чиг баримжаа нэн шаардлагатай буй үймээн самуунтай дэлхий ертөнцөд үзүүлэх эл хүчин чармайлтын үр нөлөөний талаарх гүн ухамсар мэдрэмж тэрхүү харилцан ярианд шингэсэн байв. Үүрэг хариуцлагаа ухаарсан, шийдвэр төгс байдал хаа сайгүй илэрхий агаад өмнөө буй даалгаврынхаа цар хүрээг ухаарах байдал нь нэн соргог байлаа. Энэ харилцан яриа нь нийгэмлэгүүд болон хувь хүмүүсийн гаргаж буй хүчин чармайлтууд бол зөвхөн хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэхийн төлөөх үйлдэл төдий бус, харин тэнгэрлэг сургаалын дагуу тогтсон амьдралын арга замыг төлөвшүүлэх учиртай, бидний үйлдэл, харилцан үйлчлэл, хүсэл тэмүүллийг хэлбэржүүлэх үйл явц хэмээн харах тийм нэмэлт харах өнцгийг нээж өгдөг ажээ.
Сурах суралцах эрмэлзлийг илтгэсэн энэхүү чин сэтгэлийн харилцан яриа нь үндэсний болон бүсийн түвшнээс эхлээд сум суурин, хөрш саахалт хүртэл нийгэмлэг даяар, институц байгууллагуудаас зохион байгуулах уулзалтууд болон шинээр үүсэж буй олон янзын орон зайнуудыг багтаасан олон янзын орчин нөхцөлд хүчээ аван өрнөж байна. Энэ нь мөн Үндэсний Чуулганы нэгэн онцлог хэсэг болох нь дамжиггүй. Бид энэ харилцан яриа өрнөхийн хэрээр хувийн болон хамтын үйл ажиллагааны хэв маяг улам бэхжиж, өргөжихийг тэсэн ядан хүлээж байна. Урьд урьдын адил, энэ бол найз нөхөд, хөршүүд, мөн хүн төрөлхтний нэгдмэл байдалд тулгуурласан оюун санааны болон материаллаг хөгжил дэвшлийг авчрах хүчин чармайлтыг дэмждэг, үзэл бодол нэгт хүмүүстэй ч өргөжин өрнөх учиртай харилцан яриа юм. Аяндаа урган гарсан, эсвэл эртнээс төлөвлөн бэлдсэн ч бай, эл харилцан яриаг өргөжүүлэн тэлэхэд зориулан үүсгэж буй орон зай бүхэн нийгэмтэйгээ гүн гүнзгий холбогдож буйн илрэл бөгөөд цаашид ч улам нийтлэг түгээмэл болно хэмээн бид найдаж байна.
Бахайн анд нөхдийн анхан шатанд өрнүүлж буй үйл ажиллагаатай танилцсан нийгмийн өргөн хүрээн дэх олон хүн тэдгээрийн онцлог чанаруудыг нь хараад гайхан биширч байна. Учир нь, энэ бол бүх нийтийн сайн сайхны төлөөх чин сэтгэлээс урган гардаг, энэ нь эв нэгдэл болон үйлчилгээнд чиглэдэг. Энэ нь мөн тодорхой зарчмуудын дагуу явагддаг хэдий ч асуудал бүрд шийдэл нь бэлэн хэмээн үздэггүй. Хамтын хүчин чармайлтын үзэл санааны хүрээнд Бахайчууд бусадтай хамтран ажиллаж, хамтдаа суралцахыг эрмэлздэг бөгөөд нийгэмд эрх мэдэл эзэмшиж, үүрэг хариуцлага хүлээх байр сууринд буй хүмүүстэй тогтоох харилцаандаа тэд үнэн сэтгэлээсээ, эрүүл саруул ухаанаар ханддаг. Тэд нийгмийн өөрчлөлтийн төлөө зүтгэхдээ улс төрийн хүсэл эрмэлзэл, хувийн ашиг сонирхлоос ангид байж, Шүтлэгийн нэр хүнд өсөн нэмэгдэхийн хэрээр түүний жинхэнэ мөн чанар, зорилгыг зөвөөр ойлгуулах нь улам бүр чухал болохыг ухамсарладаг. Олон олон газар оронд нийгэмлэгийн зүгээс нийгэмтэйгээ харилцах харилцаа улам гүнзгийрэхийн хэрээр зайлшгүй шинэ шинэ нөхцөл байдалтай тулгарч, шинэ асуултуудад хариу эрэх шаардлага гарч байгаа нь нийгэмлэгийг чадавхаа улам бүр хөгжүүлэхэд хөтөлж байна.
Бид саяхан явагдсан Зөвлөхүүдийн Чуулга уулзалтад хандсан илгээлтдээ тайлбарласанчлан, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гарсан нэгэн чухал хөгжил бол нийгэмлэг Төлөвлөгөөний илэрхий манлайлан хэрэгжүүлэгч болж гарч ирсэн явдал юм. Тодруулбал, тодорхой хэрэгцээг хангах, тодорхой үйл ажиллагааны чиглэлүүдийг урагшлуулах, хамтарсан зохицуулалтын арга хэлбэрүүдээр дамжуулан харилцан дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааны хувьсан өөрчлөгдөж буй хүрээнд улам бүр үр нөлөөтэй ажиллаж суралцахаар нийгэмлэг өөрийгөө зохион байгуулж байна. Үүний нэгэн гайхалтай жишээ нь, тухайн нутаг оронд хамтран ажиллаж, үе тэнгийнхнээ идэвхтэй оролцоход уриалан дуудаж буй залуучуудын бүлгүүд юм. Мэдээж хэрэг, тэдний хүчин чармайлт нь инстүүц байгууллагуудын хайр шингэсэн урам зориг, удирдамжаас асар ихээр ач тусыг нь хүртэж байдаг хэдий ч залуучууд мөн өөрсдөө санаачилга гаргах, үйлчилгээний үр дүн сайтай арга замуудыг олж тодорхойлох чадавхтайгаа харуулсаар байна. Ихэнх тохиолдолд тэдний хүчин чармайлт нь зөрчил тэмцэл, эмх замбараагүй байдал, эдийн засгийн тэгш бус байдал, нийгмийн гүн гүнзгий хуваагдлын дунд өрнөж байгаа билээ. Ийм нөхцөлд залуучуудад тулгарч буй сорилтуудыг бид ойлгон мэдэрч байгаа бөгөөд шүүмжлэх, буруутгах хандлагад автахын оронд тэдгээр саад бэрхшээлийг тойрон гарах, улмаар эцэст нь даван туулахын төлөө бүтээлч арга замуудыг эрэлхийлж буйд нь бид тэднийг өндрөөр үнэлж байна.
Хайрт анд нөхөд өө, цаг үе хэчнээн донсолгоотой байсан ч айдаст үл автаж, сэтгэлээр бүү унаасай хэмээн бид та бүхнийг уриалж байна. Абдул-Баха бид бүгдэд Бурханы буян хишигт найдахыг зөвлөдөг бөгөөд тийнхүү “үргэлж итгэл найдвар тээх” , итгэл найдвараа “бат” хадгалж, “цөхөрсөн нэгэнд итгэл найдварын үүсгүүр” нь болохыг айлдсан. Дэлхий ертөнцийн тэнгэрийн хаяа бүүдийн харанхуйлах үед итгэл найдвар ховор хомс бөгөөд үнэт нөөц баялаг болдог. Гэвч чухам Хамгаас Агуу Алдарын нийгэмлэгт хүн төрөлхтний ирээдүйн тухай итгэл үнэмшлийнх нь төлөө, мөн өөрийн туршлагаасаа сурч мэдсэн бүхнийх нь төлөө арвин их итгэл найдвараар адислагдсан билээ. Та бүхний бусдын сэтгэл зүрхэнд авчирч чадах тэрхүү итгэл найдвараар үй олон хүн ангаж цангаж байна.
Итгэл найдварын дөлийг удаан хугацаанд хамгаалан авч явсан нийгэмлэгийн алтан жишээ гэвэл бидэнд Шүтлэгийн Өлгий нутагт буй хэлмэгдэн зовсон ч үргэлж тэвчээртэй, үргэлж тууштай, үргэлж мятрашгүй Бахауллагийн дагалдагчид л харагднам. Тэд ямар их сахилга баттай хэвээр үлдэж, олон арван жилийн тасралтгүй хавчлагын дундуур ч зарчимдаа үнэнч байж, мөн бусад орнуудад буй шүтлэг нэгт сүсэгтнүүдийн гаргасан ахиц дэвшлээс суралцахад ямар хатуу шийдвэр төгс байгааг, эх орондоо нутаг нэгтнүүддээ үйлчлэх, тайтгаруулахад хэчнээн тууштай шаргуу байгааг харагтун. Тэд үй олон эх орон нэгтнүүддээ итгэл найдварын гэрэлт цамхаг, энэрэл нигүүлсэл ба ойлголт ухаарлын ундарга, үйлчлэхүйн зам мөр дэх итгэлт нөхөд нь байсаар ирсэн бөгөөд одоо ч хэвээр байна. Сүүлийн хэдэн долоо хоног, саруудад бидний маш их эрхэмлэн хайрладаг эдгээр анд нөхөд бодол санаанд маань тасралтгүй оршиж, мөргөл залбирлуудаа дахин дахин тэдэнд зориулж ирсэн лугаа адил та бүхэн ч мөн тэдний төлөө мөргөлөө зориулж байсан гэдэгт бид итгэлтэй байхын зэрэгцээ Мөнхөд Хайрлан тэтгэгч Эзэнээс тэднийг Өөрийн энэрэл нигүүлслийн тэвэртээ багтаан байлгахыг гуйж байна.
Ялангуяа Есөн Жилийн Төлөвлөгөөний шинэ үе шат эхэлж буй энэ мөчид Ариун Босгоны өмнө өргөх мөргөл залбирлын минь төвд Бурханы Үйл хэргийг урагшлуулахын төлөөх та бүхний хичээл зүтгэл байх болно. Ариун Бунхануудыг зорин очих бүрдээ бид та бүгдийн хүчин чармайлтад тэнгэрлэг тусламж, дэмжлэг дуудан гуйж, ажил үйлсэд тань тэвчээр хатуужил, эрч хүч хайрлахыг хүсэн залбирдаг билээ. Та бүхэн үйлдэхдээ түргэн шуурхай, суралцахдаа хүсэл эрмэлзэл дүүрэн байж, хурмаст тэнгэрийн вант улсын бүхий л адис ивээл та бүхэнд хүртэх болтугай.
- The Universal House of Justice