Return   Facebook

The Universal House of Justice

Ridván 2023

To the Bahá’ís of the World

Dearly loved Friends,

Өндөр дээд ёс зүй ба өндөр дээд шийдэмгий төрх байдал нь эрхэм дээд зорилгод нь тохирсон ийм нийгэмлэгт хандан бичихдээ бид туйлын их баяр хөөрөөр бялхнам. Бахауллагийн Сургаалын дагуу амьдралаа цогцлох, Түүний Үүдэл нээлтийн амьдрал хайрлагч рашаан усыг ангаж цангасан дэлхий ертөнцөд өргөн барих гэж чин үнэнчээр хичээнгүйлэн зүтгэж байгааг тань хараад юутай агуу их хайр биднийг эзэмдэж, сэтгэл зүрх маань юутай их хөөрөн баяснам. Зорилгодоо бат хөтлөгдсөн байдал тань нүднээ илхэн буй. Өргөжүүлэлт ба бэхжүүлэлт, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа, нийгмийн хэлэлцүүлэгт оролцох оролцоо ирмүүн өрнөж, кластерын түвшинд эдгээр хүчин чармайлтын хоорондын жам ёсны уялдаа холбоо улам бүр тод харагдах болсон байна. Ялангуяа нийгэм бүтээн цогцлуулах Шүтлэгийн хүч чадлыг чөлөөлөх арга хэрэгсэл болох өргөн хүрээний хүчин чармайлтад хүмүүс улам олноороо оролцож буй газруудад бүр ч илүү тод харагдаж байна.

Есөн Жилийн Төлөвлөгөө хэрэгжиж эхэлснээс хойш өнгөрсөн арван хоёр сарын хугацаанд дэлхий дахиныг хамарсан энэхүү оюун санааны үйл хөдөлгөөн анд нөхдийг урамшуулан зоригжуулж, өдөөн бадрааж мөн үйл ажиллагааны тодорхой чиглэлүүдэд түлхэц үзүүлснийг бид ажиглан харахдаа тун ч их баяртай байсан билээ. Үүнд юуны түрүүнд улс орон, бүс нутаг бүрд гурав дахь шавгыг давж хөгжсөн, өөрөөр хэлбэл олон тооны хүмүүс хамтран зүтгэж, цоглог бадрангуй нийгэмлэгийн амьдралд хувь нэмрээ оруулж буй дор хаяж нэг кластертай болох төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд эрч хүчийг төвлөрүүлсэн. Үүний сацуу, хорин таван жилийн зорилт нь дэлхийн кластер тус бүрд эрчимтэй өсөлтийн хөтөлбөр байгуулах явдал гэдгийг ухамсарласан сүсэгтнүүд шинэ кластеруудыг Шүтлэгт нээхээс гадна өсөлтийн хөтөлбөртэй газруудад хүчин чармайлтаа эрчимжүүлж байна. Дэлхийн өнцөг булан бүрд пионерлохоор зориглон босох боломж бололцооны талаар улам соргогоор ухамсарлаж байгаа агаад олон ч үнэнч анд нөхөд ийм боломжийг хэрхэн хүлээн авах талаар бодож байх зуур бусад олон анд нөхөд аль хэдийн дотоодод пионерлох илгээлтийн эзэд болсон нь тэмдэглүүштэй ч олон улсын талбарт пионерлох явдал бас нэмэгдсээр байна. Энэ нь, бидний найдаж байсанчлан, харилцан бие биеэ дэмжих хамтын ажиллагааны үзэл санааг хаа газрын анд нөхөд олон аргаар илэрхийлэн харуулж буйн нэг нь юм. Хүчин чадлаа зузаатган нэмэгдүүлж чадсан нийгэмлэгүүд өөр бусад газар, тухайлбал аль нэгэн өөр кластер, бүс нутаг, улс орон, тэр байтугай тивд өрнөж

буй үйл явцыг дэмжих үүрэг хүлээн авч буй бөгөөд алсаас урам зориг өгөх, мэдлэг туршлагаа шууд биечлэн хуваалцахад бүтээлч арга замуудыг олоод байна. Үүний зэрэгцээ, тухайн нутагт төдийгүй өөр газар нутагт гаргаж буй төлөвлөгөөнд ашиглан тусгах үүднээс тухайн кластерт олж авч буй сургамж туршлагыг баримтжуулан тэмдэглэх энгийн арга барил өргөн хэрэглэгдэж байна. Институтээс явуулж буй боловсролын үйл ажиллагааны чанарыг хэрхэн сайжруулах талаар суралцахад онцгой анхаарал хандуулж байгаад бид талархаж байна. Институтын үйл явц тухайн нутаг нийгэмлэгт сууриа гүн тавьж үндсээ ургуулахад үүний үр нөлөө гарамгай тод илэрнэ. Жишээлбэл, оршин суугчид нь сургалтын институтийг хүчит зэмсэг хэмээн үзэж өөрсдийн болгон авч, улмаар институтын цаашдын тогтвортой хөгжлийн төлөөх гол үүрэг хариуцлагыг үүрэх болсон эрчимтэй үйл ажиллагааны тэдгээр төвүүдийг харагтун. Түүнчлэн Шүтлэгийн үүд хаалга үргэлж өргөн нээлттэй байдгийг сайн мэдэхийн хувьд сүсэгтэн анд нөхөд тэрхүү үүд хаалгаар орохыг завдан бэлэн зогсож буй тэдгээр хүмүүст хэрхэн урам зориг өгөх талаар суралцаж байна. Ийм хүмүүстэй хамт алхаж, уг босгыг даван туулахад дэмжин туслах нь буян хишиг ба онцгой баяр жаргал мөн бөгөөд Шүтлэгийг хүлээн авах, харьяаллаа олох энэхүү гүн эгшиг цуурайт агшны онцлогийн талаар соёлын нөхцөл бүрд суралцах зүйл их бий. Үүгээр зогсохгүй ээ. Хэдийгээр олон кластерт нийгмийн хувьсал өөрчлөлтөд хувь нэмэр оруулах хүчин чармайлт эхэн шатандаа яваа ч хэзээд Зөвлөхүүдийн чадварлаг дэмжлэгт урамшсан Үндэсний Оюун Санааны Чуулгууд эдгээр хүчин чармайлт нь нийгэмлэг бүтээн босгох үйл явц дундаас хэрхэн урган гардаг талаар илүү ихийг сурч мэдэхийг идэвхтэй эрэлхийлж байна. Ард олны нийгмийн болон материаллаг амьдралын сайн сайхан байдлын талаарх яриа хөөрөөг айл өрхүүдийн бүлэг ба нийгэмлэгийн хүрээнд өдөөн өрнүүлж байгаагийн хажуугаар анд нөхөд өөрсдийн орчин тойронд өрнөж буй утга учиртай хэлэлцүүлэгт оролцох арга замуудыг хайн олж байна.

Бидний дүрсэлсэн бүхний дундаас залуучуудын үйл хөдөлмөрийн цог жавхаа тодоос тод гялалзаж байна. Гэмгүй ч бай, үгүй ч бай, аливаа нөлөөллийг идэвхгүй шингээгч төдий байхын оронд тэд Төлөвлөгөөний эрэмгий зоримог, гярхай мэдрэмжтэй манлайлагч болохоо батлан харуулсан юм. Тухайн нийгэмлэг залуучуудыг ийм л гэрэлд харж, тэдний хөгжин дэвших нөхцөлийг бүрдүүлж өгсөн газар залуучууд өөрсдөд нь хүлээлгэсэн итгэлийг бүрнээ биелүүлээд байгаа юм. Тэд найз нөхдөдөө Шүтлэгийг багшлан зааж, үйлчилгээг илүү утга учиртай нөхөрлөлийн үндэс болгож байна. Гол төлөв ийм үйлчилгээ нь өөрөөсөө дүү бага залуу үеийнхнийг сурган хүмүүжүүлэх, ингэхдээ тэдэнд ёс суртахууны болон оюун санааны боловсрол олгохоос гадна хичээл сургуульд нь тусалж дэмжих хэлбэрээр явагдаж байна. Институтын үйл явцыг бэхжүүлэх ариун үүрэг хүлээн авсан Бахай залуучууд бидний нандин итгэл найдварыг ийнхүү гүйцэлдүүлж байна.

Эдгээр бүх хүчин чармайлт нь тун ч самуун цаг үед өрнөж байна. Өнөөгийн нийгмийн бүтэц нь зовж зүдэрч буй хүн төрөлхтний одоогийн хэрэгцээ шаардлагыг хангахад огт бэлтгэгдээгүй гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрч байна. Баттай, хөдөлшгүй үнэн хэмээн өргөнөөр бодож байсан олон ч зүйлд эргэлзэн гуйвах болсон агаад улмаар үүссэн будилаан дундаас нэгдмэл нэг зорилгыг хүсэх мөрөөдөл төрөх болжээ. Эв нэгдэл, тэгш байдал, шударга ёсыг хүсэмжилсэн үй олны дуу хоолой нийлэн дуурьсагдаж байгаа нь хэчнээн олон хүн ийм өөрчлөлтийг нийгэмдээ хүсэн тэмүүлж буйг харуулж байна. Мэдээж, хүмүүсийн зүрх сэтгэл Адистат Гоо жавхлангийн тунхагласан тэнгэрлэг үзэл санааг ийнхүү хүсэн мөрөөдөж буй нь Түүний дагалдагч нарын хувьд гайхах зүйл биш билээ. Гэвч хүн төрөлхтний хамтын хөгжил дэвшлийн төлөв хэзээ ч ийм бүрхэг байгаагүй мэт санагдаж байсан энэ жил эдгээр үзэл санааг хөхиүлэн дэмжих арга замуудад анхаарлаа төвлөрүүлсэн арав гаруй мянган чуулга уулзалтад сая таван зуун мянга шахам хүн оролцож, Шүтлэгийн гэрэл гэгээ гайхалтай хурцаар цацарсан нь биднийг гайхшируулж байна. Бахауллагийн зөн хараа болон дэлхий ертөнцийн сайн сайхны төлөө нэгэн санаагаар хөдөлмөрлөхийг хүн төрөлхтөнд хандаж уриалсан Түүний уриа дуудлагыг тойрон нийгмийг бүрэлдүүлсэн олон янзын бүлгийг төлөөлсөн хүмүүс хуран цугласан юм. Үүнд гайхах зүйл үгүй юм, учир нь Абдул-Бахагийн тайлбарласнаар: "Эдгээр Тэнгэрлэг Сургаалаас дэлхийн аль ч нийгэмлэг, хамт олон хамгийн дээд хүсэл эрмэлзлийнхээ биеллийг олж хардаг билээ." Хүн төрөлхтний сайн санаат хүмүүсийн зарим нь анхандаа магадгүй туйлшран хуваагдаж, ямар ч гарцгүй хөшин саажсан дэлхий ертөнцөөс дайжин хорогдох нөмөр хайн Бахайн нийгэмлэгт татагдаж болох юм. Гэвч нөмөр нөөлгөөс ч цааш тэд дэлхий ертөнцийг шинээр бүтээн байгуулахын төлөө хамтдаа хүчин зүтгэх элэг нэгт анд нөхдөө олж авч байна.

Чуулга уулзалтуудын газарзүйн тархац, шинэ Төлөвлөгөөнд өгсөн ер бусын түлхэц, эсвэл оролцсон хүмүүст бадарсан чин сэтгэлийн баяр хөөр, урам зоригийн цоглог илэрхийллийн талаар олон зүйл бичиж болох билээ. Гэхдээ эдгээр чуулга уулзалт нь Үйл хэргийн хөгжлийн хувьд ямар ач холбогдолтой байсан тухай энэхүү цөөн хэдэн мөрд бид та бүхний анхаарлыг хандуулахыг хүсэж байна. Тэдгээр нь хүмүүс хоорондын ялгаа зөрүүг биш харин элэг дотно нэгдмэл мөн чанарыг олж хардаг Бахайн нийгэмлэгийн тусгал байсан.

Ийм хандлага нь хүн бүхэнд нээлттэй эдгээр чуулга уулзалтын үеэр Есөн Жилийн

Төлөвлөгөөг хамтдаа авч судлах энгийн орчныг бүрдүүлж өгсөн юм. Анд нөхөд уг Төлөвлөгөө тухайн нийгэмд ямар үр нөлөө үзүүлэх талаар хувь хүмүүс ба гэр бүлүүдтэй төдийгүй орон нутгийн удирдагчид болон эрх баригч, нөлөө бүхий хүмүүсийн оролцоотойгоор авч үзсэн байна. Ийм олон хүнийг нэг дор цуглуулснаар оюун санааны болон нийгмийн хөгжил дэвшлийн тухай дэлхий дахинаа өрнөж буй харилцан яриаг өрнүүлэх нөхцөл бүрдсэн. Нээлттэй, сэтгэл бадраасан, утга учиртай ийм цугларалт нь аливаа кластерт нийгэмлэгийн хөгжлийн тасралтгүй өргөжин тэлж буй хэв загварт онцгой хувь нэмэр оруулж чадаж байгаа нь Бахайн институци байгууллагуудын хувьд цаашид санаж явбал зохих үнэтэй сургамж юм.

Ийнхүү үнэнч сэтгэлтний нийгэмлэг бие бүрэлдэхүүнээрээ шинэ зөн хараа, зорьж буй зүйлийнхээ ач холбогдлын тухай гүн гүнзгий ойлголттойгоор Төлөвлөгөөний хоёр дахь жил рүү орж байна. Нийгмийг бүтээн цогцлуулах хүчийг нь нээн илрүүлэх үүднээс авч үзэхэд аливаа үйл ажиллагаа юутай өөр харагдана вэ! Ийм өргөн цар хүрээтэй төлөв нь ямар нэгэн тогтвортой үйл ажиллагааг зүгээр л нэг үе үе хийгддэг үйлчилгээ төдий юм уу мэдээлэл өгөх

цэг төдий мэт харахаас хавьгүй өргөн утгаар харах боломжийг олгож байна. Нэг газраас нөгөө газарт хэрэгжүүлж буй санаачилгуудын үрээр тухайн хүн ам өөрсдийн хөгжлийн замаа олж түүгээр замнах үүрэг хариуцлагаа улам ихээр ухамсарлан үүрэх талаар суралцаж буйг харуулж байна. Үүний үр дүнд бий болох оюун санааны болон нийгмийн хувьсал өөрчлөлт нь тухайн ард түмний амьдралд олон янзаар илрэлээ олж байна. Өмнөх цуврал Төлөвлөгөөний үеэр энэ нь оюун санааны боловсрол ба хамтаар мөргөн сүсэглэх үйлийг хөхиүлэн дэмжих хүчин чармайлтаас тод харагдаж байсан. Тэгвэл энэхүү шинэ цуврал Төлөвлөгөөнд, тухайн нутаг нийгэмлэгийн амьдралыг дээшлүүлэхэд чиглэгдсэн бусад үйл явцуудад улам түлхүү анхаарал хандуулах шаардлагатай болж байгаа бөгөөд жишээлбэл, нийгмийн эрүүл мэндийг сайжруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах эсвэл урлагийн хүчийг илүү үр дүнтэй ашиглаж болно. Нутаг орны сайн сайхан амьдралыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх, бие биеэ нөхөн гүйцээсэн олон талт хүчин чармайлтыг урагш хөгжүүлэхэд, мэдээжийн хэрэг, бүхий л талбарт системтэйгээр суралцах чадавх хэрэгцээтэй. Үүнд нэг талаас тэнгэрлэг Сургаалаас, нөгөө талаас шинжлэх ухааны судалгаа шинжилгээний аргаар хуримтлуулсан хүн төрөлхтний эрдэм мэдлэгийн сангаас шавхан олж авсан ойлголт ухаарал дээр тулгуурлах чадавх хэрэгцээтэй юм. Энэхүү чадавх улам өсөхийн хэрээр ойрын хэдэн арван жилд олон амжилт гарах болно.

Нийгмийг бүтээн цогцлуулахад чиглэсэн энэхүү хэтийн өргөжсөн зөн хараа нь алс хол хүргэх үр дагавартай. Нийгэмлэг бүр үүнийг амьдралд хэрэгжүүлэх өөрийн гэсэн замаар явж байна. Гэхдээ нэг газар гарсан ололт амжилт нь өөр нэгэн газар гарсан ололт амжилттай олон талаараа адил нийтлэг шинж чанартай байх нь илбэг. Тухайлбал ийм нэгэн онцлог шинж нь юу вэ гэвэл, чадавх тэнхээ улам нэмэгдэж, тухайн орон нутгийн болон үндэсний нийгэмлэгийн хүчин чадал өсөхийн хэрээр бидний 2012 оны Ризваны илгээлтдээ заасанчлан, Машрикул-Аскар бий болоход шаардагдах таатай нөхцөл цаг нь ирэхээр бүрддэг билээ. Өнгөрсөн Ризванаар та бүхэнд хандаж бичсэн илгээлтдээ бидний дурдсанаар, Бахайн Мөргөлийн Ордон байгуулах газруудыг бид үе үе тодорхойлж байх болно. Тэгвэл одоо Балба улсын Канчанпурт, мөн Замби улсын Муинилунгад орон нутгийн Мөргөлийн Ордон байгуулахыг ийнхүү уриалж байгаадаа бид туйлын баяртай байна. Түүнчлэн Канад улсад Торонто хотод буй олон жилийн түүхтэй Үндэсний Хазиратул-Кудсын орчим газар үндэсний Мөргөлийн Ордон байгуулахыг уриалан дуудаж байна. Мөргөлийн Ордны Санд газар газрын анд нөхдийн өргөж буй хандив нь эдгээр төслүүд болон ирээдүйд хэрэгжих бусад төслүүдэд ач тус болох билээ.

Энэрэлт Эзэн тэнгэр хайрт шавь нартаа хүртээхийг болгоосон буян хишиг үлэмж их ээ. Уриа дуудлага туйлын эрхэм, хэтийн төлөв туйлын сүр жавхлантай. Бид бүхний цаг алдалгүй үйлчлэн зүтгэхээр дуудагдсан он жилүүд тун ч эгзэгтэй. Иймд, та бүхний нэрийн өмнөөс, та бүхний уйгагүй хичээл зүтгэлийн төлөө Бахауллагийн Босгонд сөгдөн залбирч бидний өргөх мөргөл гал халуун.

 

Windows / Mac