Return   Facebook

The Universal House of Justice

Ridván 2010

To the Bahá’ís of the World

Dearly loved Friends,

1. Хамгаас баяр цэнгэлт Ризваны улирал эхэлж буй энэхүү мөчид Бахауллагийн дагалдагчдыг бахдан шагших сэтгэлээр дүүрсэн бид бөмбөрцөг дэлхийн тив бүхэнд өсөлтийн эрчимтэй шинэ шинэ хөтөлбөрүүд олноор эхэлж, улмаар дэлхий дахинаа хэрэгжиж буй ийм хөтөлбөрийн тоо 1500-с даруй давж, Таван Жилийн Төлөвлөгөөний зорилтын биелэлтийг Төлөвлөгөө өндөрлөхөөс нэг жилийн өмнө баталгаажуулж чадлаа гэдгийг зарлахдаа туйлын таатай байна. Энэхүү гайхалтай амжилт, онцгой ялалтыг бидэнд хайрласанд Бурхан тэнгэртээ талархан тэргүүнээ мэхийн бид ёсолж байна. Үйл ажиллагааны талбарт хөдөлмөрлөсөн хэн бүхэн эдүгээ газар сайгүй цогцолсон өргөжүүлэлт, бэхжүүлэлтийн загварыг бэхжүүлэхэд зориулан бүтэн нэг жилийг Бурханаас заяасанд талархах сэтгэлээр дүүрч байгаа биз ээ. Улмаар энэ нь цаашид хороо хороогоор нэгдэн орох үйл явцыг урагшлуулах тодорхой зорилготойгоор гариг дэлхийг хамран явагдах цуврал төлөвлөгөөний тав дахь болох таван жилийн хугацаатай үргэлжлэх төлөвлөгөөний даалгаврыг биелүүлэх бэлтгэл болж өгөх юм.

2. Баяр наадмын энэхүү өдрүүдэд түр азнан бодлогошрохуйд бидний зүрх сэтгэлийг ийнхүү баяр талархал, бахархлаар чухам юу дүүргэж байгаа вэ гэвээс хэдийгээр гайхалтай ч зөвхөн та бүхний байгуулсан тоон амжилт гэхээс илүү энэхүү амжилтын голомт болох соёлын гүн гүнзгий төвшинд илэрч буй хэд хэдэн чиглэлийн хөгжил дэвшил юм. Эдгээрийн дотроос хамгийн тэргүүн хөгжил дэвшил бол бидний ажигласнаар анд нөхөд оюун санааны сэдэвт асуудлаар бусадтай ярилцан хөөрөлдөх, мөн Бахауллагийн тухай, бас Түүний Үүдэл нээлтийн тухай хүмүүстэй төвөггүй ярилцах чадвар нь өсөн нэмэгдсэн явдал юм. Анд нөхөд сургаалыг багшлах гэдэг бол өглөгч өгөөмөр амьдралын суурь шаардлага хэрэгцээ гэдгийг ухамсарлан ойлгосон нь харагдаж байна.

3. Бид сүүлийн үеийн захидлууддаа дэлхий даяар сургаалыг багшлах явдлын эрч хурдац тогтмол өсч байгааг гэрчлэн харахдаа баяр хөөр дүүрэн буйгаа илэрхийлж ирсэн билээ. Сүсэгтэн хувь хүн оюун санааны энэхүү үндсэн үүргээ биелүүлэх нь Бахайн амьдралын салшгүй онцлог шинж болж ирсэн, цаашид ч хэвээр байх болно. Эдүгээ өсөлтийн эрчимтэй 1500 хөтөлбөр байгуулагдсан явдал нь эгэл олон сүсэгтнүүд маань өөрсдийн гэр бүлийн гишүүд, дотно нөхдийнхөө цомхон хүрээнээсээ хальж, Хамгаас Энэрэлт Бурханы Мутарт хөтлөгдөхөд бэлхэн тухайн хот тосгоны аль ч хэсэгт амьдарч байгаа хамаагүй хүлээн авах чадвар бүхий хүмүүстэй учрахдаа юутай зоригтой, юутай зорилготой болсон болохыг тод харуулж байгаа нь үнэн. Урьд өмнө нь танихгүй хэмээгдэж байсан хүмүүстэй нэгдмэл нэг ойлголтонд хүрч нөхөрлөлийн холбоог байгуулахад чиглэгдсэн үе үе явагдах аянт ажилд бүр хамгийн даруу тооцоогоор аваад үзсэн ч анд нөхөд арав арван мянгаараа оролцож байна.

4. Шүтлэгийн үндсэн зарчмуудыг шууд, энгийн тодорхой маягаар танилцуулах хүчин чармайлт гаргахдаа сүсэтнүүд Рухи институтын 6 дугаар дэвтэрт дүрслэгдсэн байдаг жишээнээс асар их үр өгөөжийг хүртэж байна. Тус үлгэр танилцуулгын сууринд орших гол логикийг нь ойлгон үнэлж, улмаар түүнийг томъёо мэтээр ашиглах эрмэлзлээ даван дийлж чадваас хоёр хүний хоорондох харилцан яриа өрнөж чадах юм. Энэхүү яриа нь гүн гүнзгий ухаарлыг хайрлаж байгаагаараа, мөн нягт харилцаа холбоо үүсгэж байгаагаараа онцлог болох юм. Уг харилцан яриа нь анхны учралаасаа цааш нь хальж, улмаар найз нөхөрлөлийн жинхэнэ холбоо үүсэхийн хэрээр сургаалыг шуудаар багшлах ийм төрлийн хүчин чармайлт нь оюун санааны хувьсал өөрчлөлтийн урт удаан үйл явцад өдөөгч хүчин зүйл болж чадах юм. Шинэ андуудтайгаа учирсан энэхүү анхны уулзалт нь Бахайн нийгэмлэгт элсэн орох урилгад хөтлөх үү эсвэл тэднийг аль нэгэн үйл ажиллагаанд оролцохыг урихад хүргэх үү гэдэг нь гол зорилго биш юм. Үүнээс илүүтэй чухал нь нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулж буй нийгэмлэгт сэтгэл чөлөөтэй нэгдэж, хүн төрөлхтний төлөө үйлчлэхүйн зам мөрд хөл тавин ороход нь урин дуудсан найрсаг сэтгэлийг хүн бүр мэдрэх ёстой бөгөөд энэхүү явцад албан ёсны элсэлт эхэнд эсвэл явцын дунд ч байж болох юм.

5. Энэ хөгжил дэвшлийн ач холбогдлыг дутуу үнэлж болохгүй. Кластер бүрт үйл ажиллагааны цогц уялдаатай загвар нэгэнт бий болсон бол хамтран зүтгэгчид болон танилуудын сүлжээгээ улам өргөжүүлэх тал дээр анхаарлаа чиглүүлж, үүний нэгэн зэрэг эрч хүчээ хүн амын жижиг хэсгүүд дээр төвлөрүүлж тус хэсэг бүр нь эрчимтэй үйл ажиллагааны төв болох ёстой юм. Хот суурин газрын кластерт үйл ажиллагааны ийм төв нь бичил хорооны хил хязгаараар тодорхойлогдож болох бол харин голдуу хөдөөгийн хэв шинжтэй кластерын хувьд жижиг тосгон нь ийм зорилгыг биелүүлэх нийгмийн тохиромжтой орон зай болж чадна. Ийм орчинд үйлчилж байгаа анд нөхөд, үүн дотор тухайн орон нутгийн оршин суугчид ба гаднаас айлчилж буй багш нар, өөрсдийн хийж байгаа ажлыг нийгэмлэг бүтээн байгуулах үүднээс авч үзэх нь зүй билээ. Анхны уулзалт нь урьдчиллаж мэдэгдэхгүйгээр айл өрхүүдээр айлчилснаар явагдаж байсан ч тэд сургаалыг багшлах хүчин чармайлтандаа “хаалганаас хаалганд” хэмээсэн нэр шошго зүүж өгөх нь тухайн хүн амын дотор өөрсдийн оюун санааны, нийгмийн болон оюун ухааны хөгжлийн эзэн болж чадах чадавхийг дээшлүүлэхийг эрэлхийлж буй үйл явцыг дутуу үнэлсэн хэрэг болох юм. Энэхүү үйл явцыг өдөөн чиглүүлж буй үйл ажиллагаануудад, тухайлбал нутгийн ард иргэдийн дунд хамтын сүсэглэнгүй шинж чанарыг бэхжүүлсэн уулзалт цуглаанууд, бага балчир хүүхдүүдийн эмзэг зөөлөн зүрх сэтгэл, оюун ухааныг тэтгэн хөгжүүлсэн хичээлүүд, өсвөр насны залуусын бялхаж ядсан эрч хүчийг чиглүүлсэн бүлгүүд, янз бүрийн гарал үүсэлтэй хүмүүст адил тэгш суурин дээр хамтдаа хөгжиж, Бахауллагийн Сургаалыг хувийн болон хамтын амьдралдаа хэрэгжүүлэх арга замыг цугтаа судлан эрэлхийлэх боломжийг олгосон бүх хүмүүст нээлттэй сургалтын дугуйлангуудад шинээр танилцсан анд нөхдийг оролцуулах юм. Анхандаа эдгээр үйл ажиллагааны тогтвортой явцыг хэсэг хугацаанд гадны тусламжтайгаар хангаж болох юм. Гэхдээ цөм үйл ажиллагаануудыг цааш нь үржүүлэн нэмэгдүүлэх үүрэг хариуцлагыг тухайн хорооны юмуу тосгоны үндсэн уугуул иргэд болох хүний нөөцүүд, өөрсдийн хүрээлэн буй орчиндоо материаллаг болон оюун санааны амьдралын нөхцөл байдлыг сайжруулах хүсэл эрмэлзэл дүүрэн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд үүрч авч явах ёстой нь гарцаагүй юм. Ийнхүү Дэлхийн шинэ Эмх журамыг байгуулах Бахауллагийн зөн харааг хэрэгжүүлэхэд өөрсдийгөө зориулсан хүмүүсийн цөм бүлэг өргөжин тэлэхийн хэрээр хуримтлагдаж буй хүчин чадалтай дүйцэж нийгэмлэгийн амьдралын хэмнэл аажмаар бий болно.

6. Энэхүү хүчин чармайлтын хүрээнд хүлээн авах чадвар нь цөм үйл ажиллагаагаар өдөөгдөн өрнөсөн нийгэмлэгийг бүтээн босгох үйл явцад оролцох хүсэл эрмэлзлээр илрэх юм. Өсөлтийн эрчимтэй хөтөлбөр одоо хэрэгжиж байгаа кластер бүрт анд нөхдийн өмнө тавигдаж буй ирэх нэг жилийн даалгавар нь хүлээн авах чадвартай хүн амын нэг буюу түүнээс дээш хэсэгт Шүтлэгийн үндсэн сургаал зарчмыг тайлбарлах шууд арга барилыг ашиглан сургаалыг багшилж, нийгмийн тэдэнд учруулсан үхээнц нойрмог байдлаа таягдан хаяж өөрсдийн амьдарч буй нутаг хороо, тосгондоо хамтын хувьсал өөрчлөлтийн үйл явцыг эхлүүлэхийн тулд бие биентэйгээ мөр зэрэгцэн үйлчлэн зүтгэхийг мөрөөдөж буй хүмүүсийг хайж олоход оршино. Хэрэв анд нөхөд ийм бичил орчинд нийгэмлэгийг бүтээн босгох арга барил, арга замуудын талаар суралцах өөрсдийн хүчин чармайлтандаа уйгагүй тууштай байж чадах юм бол он удаан жилийн турш хүсэн мөрөөдөж ирсэн Шүтлэгийн үйл хэрэгт бүх нийтийн оролцоог хангах зорилго маань хэд хэдэн хэмжээсээр урагшилж барьцтай ахиц дэвшил гарна гэдэгт бид итгэл дүүрэн байна.

7. Энэ даалгаврыг биелүүлэхийн тулд сүсэгтнүүд хийгээд тэдэнд үйлчилж буй байгууллагууд нь институтын үйл явцыг бэхжүүлж тухай кластерын хил хязгаарын дотор сургалтын дугуйлангийн сургагчаар үйлчлэх чадвартай хүмүүсийн тоог дорвитойгоор нэмэгдүүлэх шаардлагатай юм. Учир нь ийм тодорхой зорилготойгоор бичил хороодод болон тосгодод нийгэмлэгийн цоглог амьдралыг хөгжүүлэх боломж бололцоо анд нөхдөд нээлттэй болсон явдал нь өнгөрсөн арван жилийн хугацаанд Бахайн соёлд гүнзгийрүүлэлтийн чиглэлээр гарсан амин чухал хөгжил дэвшилтэй холбоотой гэдгийг ойлгон хүлээн зөвшөөрөх ёстой юм.

8. Бид 1995 онд дэлхий дахинаа сургалтын институт байгуулахыг уриалан дуудсан тэр үед Бахайн нийгэмлэгт сүсэгтэн хувь хүмүүст Шүтлэгийн тухай мэдлэгээ гүнзгийрүүлэхэд нь туслах зорилгоор янз бүрийн хугацаатайгаар олон төрлийн сэдвийг хамарсан тохиолдлын чанартай хичээл, сургалтууд зохион байгуулагдах нь зонхилсон хэв маяг байсан билээ. Уг хэв маяг нь тухайн үед тооны хувьд цөөхөн, голдуу газарзүйн хувьд өргөн тархахыг эрмэлзсэн дөнгөж өсч буй Бахайн нийгэмлэгийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадаж байсан юм. Гэхдээ хороо хороогоор нэгдэн орох үйл явцыг мэдэгдэхүйцээр түргэсгэхийн тулд олон тооны хүмүүсийг үйл ажиллагааны талбарт уриалан оруулж чадах өөр арга барилыг олж хайх хэрэгтэй гэдгийг бид тэр үед бас тодорхой өгүүлсэн билээ. Үүнтэй уялдуулан, түргэссэн өргөжүүлэлт ба бэхжүүлэлттэй холбоотой үүрэг даалгавруудыг авч хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ойлголт, ур чадварыг эзэмшүүлж чадах сургалтууд явуулснаар улам улам олон тооны сүсэгтнүүдэд Бурханы Үйл хэрэгт үйлчлэхэд нь туслан дэмжихийг сургалтын институтуудаас бид хүссэн юм.

9. Шүтлэгийн сургаал бичмэлээс уншиж, Бахауллагийн аугаа их Үүдэл нээлтийн ач холбогдлыг хангалттай хэмжээнд ойлгохыг мэрийх нь Түүний дагалдагч бүрт ногдсон үүрэг мөн. Түүний Үүдэл нээлтийн далайд гүн умбаж, өөрийн нөөц чадавхи болоод хүсэл сонирхлынхоо дагуу түүнд нуугдах мэргэн ухааны сувдан сондороос хүртэх нь хүн бүхний үүрэг билээ. Үүнтэй холбоотойгоор сургаал бичмэлийн талаар мэдлэгтэй зарим сүсэгтнүүд тодорхой сэдвүүдээр ийнхүү өөрсдийн олж авсан ойлголтыг бусад анд нөхөдтэй хуваалцах боломжийг олгосон орон нутгийн гүнзгийрүүлэх хичээлүүд, өвөл зуны сургуулиуд, тусгайлан зохион байгуулсан уулзалтууд нь жам ёсоор Бахайн амьдралын онцлог шинжүүд болон урган гарсан юм. Өдөр тутам сургаал мөргөлөөс унших хэвшил нь Бахай хүний амьдралын салшгүй хэсэг болсон хэвээрээ байхын адил сургаалыг судлах ийм хэлбэрийн үйл ажиллагаа нь нийгэмлэгийн хамтын амьдралд байр сууриа хадгалсаар байх болно. Гэвч сургаалыг судлах явдал ба үйлчлэх үйлдэл нь хамтдаа уялдаж нэгэн зэрэг явагдах юм бол хувь хүний өсөлт болон нийгмийн хөгжил дэвшилд нөлөөлөх Бурханы Үүдэл нээлтийн үр нөлөөллийг ойлгох ойлголт нь асар ихээр нэмэгддэг болой. Чухамдаа үйлчлэхүйн талбарт мэдлэг шалгагдаж, практик ажиллагаанаас холбогдох асуултууд урган гарч, ойлголт ухаарлын шинэ төвшин нээгддэг. Сургалтын дугуйлан, сургагч, “Рухи” Институтын хөтөлбөрт материал гэсэн үндсэн гол элементийг багтаасан алсын зайны боловсролын тогтолцоо нь эдүгээ нэг улс орноос нөгөөд тархан байгуулагдаж байгаа агаад энэхүү тогтолцоонд дэлхий дахины Бахайн нийгэмлэг Бахайн сургаалыг бодит амьдралдаа хэрэгжүүлэх тодорхой зорилготойгоор сургаал бичмэлийг жижиг бүлгээр судлах боломжийг мянга мянган хүмүүст, үгүй ээ, бүр сая сая хүмүүст олгох чадавхийг эзэмшиж, улмаар Шүтлэгийн үйл хэргийг дараагийнх нь үе шат болох өргөн далайцтай тогтвортой өргөжүүлэлт бэхжүүлэлтэнд хүргэх чадвартай болсон байна.

10. Ийнхүү буй болсон боломж бололцоог үнэлэхийг хэн ч бүү алгуурлаасай. Идэвхгүй байдлыг өнөөгийн нийгэм дэх хүчнүүд тэтгэн өдөөж байдаг. Хэн нэгнээр өөрийгөө зугаацуулан хөгжөөлгөх гэсэн хүсэл эрмэлзлийг хар багаас нь хөхиүлдэг учраас өнгөцхөн төвшинд сэтгэлийн хөдлөл таашаалыг төрүүлэх чадвартайгаа харуулсан хэнд ч болов хөтлөгдөн түүнийг дагахад бэлэн олон үеийн хүмүүс өсөн бойжигдсон билээ. Тэр ч бүү хэл, боловсролын олон системд сурагч оюутанд зөвхөн мэдээллийг хүлээж авах зориулалттай сав мэтээр ханддаг. Харин Бахайн ертөнц нь, бүгд өөрсдийгөө үйлчлэхүйн нэг л зам мөрөөр алхаж байгаа хэмээн үзэхийн зэрэгцээ бие даан сэтгэн бодох, суралцах, үйлчлэн хөдөлмөрлөх тодорхой хэв маягийг төлөвшүүлсэн тийм соёлыг буй болгон хөгжүүлж чадсан бөгөөд энэхүү замналд бие биенээ дэмжин, хамтдаа хөгжин урагшилж, аль ч үед бие биеийнхээ мэдлэг ойлголтыг хүндэтгэж, улмаар сүсэгтнүүдийг “гүнзгийрсэн” ба “мэдлэг туршлагагүй” гэх мэтээр ангилан хуваах хандлагаас зайлсхийж байгаа нь асар том ач холбогдолтой ололт амжилт юм. Чухам үүнд л дарагдашгүй хөдөлгөөний динамик мөн чанар оршиж байна.

11. Ийм динамик эрч хүчийг буй болгох нутгийн хүн амын нөөц боломжийг нээхийн тулд сургалтын дугуйлангийн төвшинд хөхиүлэн дэмжиж буй боловсролын үйл явцын чанар ирэх жилийн туршид онцгой ихээр өсөх шаардлагатай байна. Үүнтэй холбоотойгоор сургагчаар үйлчилж буй анд нөхдийн нуруун дээр томоохон хариуцлага ирэх болно.. Тэдний өмнө тавигдаж байгаа даалгавар бол институтын сургалтанд тодорхойлсон байдаг зохих орчныг буй болгох, тухайлбал өөрсдийн суралцах үйл явцын идэвхтэй эзэд хэмээн өөрсдийгөө тооцож, хувь хүний болоод хамтын хувьсал өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд эрдэм мэдлэгээ ашиглах байнгын хүчин чармайлтанд гол үүрэг гүйцэтгэгчид гэж өөрсдийгөө үзэх хүмүүсийн оюун санааны чадваржуулалтыг дэмжиж чадах тийм орчныг бүрдүүлэх явдал юм. Ингэж үл чадваас тухайн кластерт хичнээн олон сургалтын дугуйлан байгуулагдсан ч, өөрчлөлтийг хөдөлгөн түлхэж чадах тэр хүч үүсэн буй болж чадахгүй юм.

12. Хэрэв сургагчийн ажил нь төгс төгөлдрийн улам өндөр зэрэгт хүрэх ёстой бол тухайн бүс нутаг ба улс оронд хүний нөөцийг хөгжүүлэх үндсэн үүрэг хариуцлага нь сургалтын институт дээр тохогдож байдаг гэдгийг санаж байх хэрэгтэй юм. Суралцаж буй хүмүүсийн тоог нэмэгдүүлэхийг хичээхийн хажуугаар институт нь бүтэц бүрэлдэхүүнээрээ, үүнд захирлуудын зөвлөлөөс авхуулаад бүх төвшний зохицуулагч нар хийгээд анхан шатанд үйлчилж буй сургагчид хүртэл, систем нь бүхэлдээ үр дүнтэй ажиллах явдалд адил жигд ач холбогдол өгөх ёстой юм. Учир нь, эцсийн дүнд тоон хувьд тогтвортой өсөлт нь чанарын хөгжлөөс шалтгаалдаг билээ. Кластерын төвшинд сургагчаар үйлчилж буй хүмүүсийг дагалдан халамжлах хүчин зүтгэл гаргахдаа зохицуулагч хүнд практик туршлага ч байх хэрэгтэй, эрч хүч динамизм ч байх хэрэгтэй. Тэрээр сургагч нарт зориулан өөрсдийн гүйцэтгэж буй үйлчилгээнийхээ талаар эргэцүүлэхэд нь туслах цугларалтыг үе үе зохион байгуулна. Түүнчлэн мөнхөд л сургалт явуулаад байх хэвшлийг төлөвшүүлэхгүй байгаа нөхцөлд, институтын материалаас түүвэрлэн авсан хэсгүүдийг сургагч нартай хамтран давтан судлах арга хэмжээнүүдийг хааяа нэг явуулах нь ашиг тустай байж болох юм. Тухайн үйлчилгээний талбарт хөл тавин орж, институтын шат дараалсан материалуудыг судалж дадлага ажлыг нь хийхэд бусад хүмүүст туслах явцад сургагчийн чадвар чадавхи нь улам улам дээшлэн хөгжинө. Янз бүрийн насны эрэтэйчүүд эмэгтэйчүүд шаталсан сургалтын дараалал дахь сургалт бүрийг сургагч нарын тусламжтайгаар дүүргэхийн хэрээр өөрсдийн давуу хүч чадал ба хүсэл сонирхлын дагуу сонгож авсан үйлчилгээгээ хийхэд нь бусад анд нөхөд тэднийг дагалдан халамжлахад бэлэн байх ёстой, үүнд ялангуяа хүүхдийн хичээл, өсвөр насны бүлэг, сургалтын дугуйлангийн үйл ажиллагааг, өөрөөр хэлбэл тухайн систем нь зогсолтгүй өргөжин өсөхөд эгзэгтэй үүрэг гүйцэтгэдэг үйл ажиллагаануудыг хариуцан ажиллаж буй зохицуулагч нар тэднийг дагалдан халамжлахад бэлэн байх шаардлагатай юм. Институтын систем нь бүхэлдээ амьд эрч хүчээр булгилан цохилох явдлыг хангах нь улс орон бүрт дараагийн арван хоёр сарын туршид өрнөн явагдах эрчимтэй суралцах үйл явцын зорилго болох ёстой билээ.

13. Хүүхэд багачуудын оюун санааны боловсролын талаар санаа сэтгэл тавих явдал нь урт удаан хугацааны турш Бахайн нийгэмлэгийн соёлын нэгэн шинж болж ирсэн бөгөөд ийнхүү санаа сэтгэл тавьсаны үр дүнд хоёр янзын бодит туршлага бүрдэж зэрэгцэн оршиж иржээ. Нэг нь Ираны Бахайчуудын ололт амжилтыг илэрхийлсэн туршлага бөгөөд ерөнхийдөө өсч буй шинэ ирээдүй үедээ Шүтлэгийн түүх ба сургаал зарчмуудын тухай үндсэн мэдлэгийг олгох зорилгоор Бахайн айлуудын хүүхдүүдэд зориулсан системтэй хичээлийг нас насны ангиллаар жил дараалан явуулах чадвар бүрдсэнээр онцлог юм. Дэлхийн ихэнх хэсэгт ийм системтэй хичээлээс ач тусыг нь хүртсэн хүүхдүүдийн тоо харьцангуй цөөхөн байгаа билээ. Харин нөгөө бодит байдал нь өргөн далайцтайгаар нийгэмлэгийн өсөлт өргөжилт явагдаж буй хот хөдөөгийн нутгуудад урган гарсан бөгөөд олон түмэнд илүү нээлттэй хүртээмжтэйгээр хүүхдийн хичээл явагддагаар онцлог юм. Гэсэн ч хэдийгээр янз бүрийн айл өрхүүдийн хүүхэд багачууд Бахайн хичээлд оролцох хүсэл ихтэй, мөн тэднийг уриалгахнаар угтан авахад бэлэн байгаа боловч янз бүрийн хүчин зүйлсээс шалтгаалан тухайн хичээлүүд жилээс жилд дараалан зохих хэмжээнд тогтмол явагдаж чадахгүй байгаа юм. Ийнхүү түүхэн үйл явцын үрээр үүссэн энэхүү хоёрдмол байдал нь институтын сургалтаар бэлтгэгдсэн анд нөхөд хаа сайгүй хүүхэд бүрт нээлттэй хичээлийг системтэйгээр явуулахыг эрмэлзэхийн хэрээр арилж байгааг харахад бидэнд таатай байна.

14. Ийм ирээдүйтэй эхлэлийг цаашид улам урагшлуулан хөгжүүлэх хэрэгтэй байна. Өсөлтийн эрчимтэй хөтөлбөр хэрэгжиж буй кластер бүрт янз бүрийн анги давхаргын айл өрхүүдийн хүүхэд багачуудад улам олноор нь оюун санааны боловсрол олгох явдлыг цаашид системчлэхэд хүчин чармайлт гаргах хэрэгтэй юм. Энэ нь тухайн бичил хороо болон тосгонд нийгэмлэгийг бүтээн байгуулах үйл явцын эрч хурдцыг нэмэх нэгэн чухал шаардлага билээ. Энэ бол нэлээд нөөц хүч шаардсан даалгавар юм, эцэг эхчүүдийн ч, институциудын ч тэвчээр болон дэмжлэгийг шаардсан даалгавар юм. Хүүхдийн хичээлийн багш нарыг бэлтгэх янз бүрийн төвшний сургалтын материалаа дуусгах, түүнчлэн 5-6 наснаас авхуулан 10-11 нас хүртэл хүүхэд багачуудад ашиглах холбогдох хичээлийн хөтөлбөрийн агуулгыг боловсруулан дуусгаж, улмаар нэг талаас одоо байгаа хүүхдийн хичээлийн материал нөгөө талаас “Итгэл бишрэлийн сүнс”, мөн удахгүй гарах “Ариун Сүнсний хүч” хэмээх өсвөр үеийнхэнд зориулсан хөтөлбөрийн Бахайн агуулгатай бүрэлдэхүүн хэсэг болсон материалуудын хооронд байгаа хоосон зайг нөхөх хүсэлтийг “Рухи” Институтад гаргасан юм. Ийнхүү нэмэлт сургалт, хичээлийн материалууд бэлэн болохын хэрээр улс орон бүрт ангиас ангид дараалан суралцах хүүхдүүдэд оун санааны боловсрол олгох хөтөлбөрийн үндсэн цөм хэсгийг бүрдүүлж, түүнийг тойруулан нэмэлт элементүүдийг зохион байгуулах багш нар болон зохицуулагч нарыг сурган бэлтгэх боломжтой болох юм. Тэр хүртэл институтууд багш нарт одоо байгаа материалууд дотроос янз бүрийн насны хүүхдийн хичээлд хэрэг болох тохиромжтой материалаар хангаж өгөхийн төлөө чадах бүхнээ хийх ёстой.

15. Таван Жилийн Төлөвлөгөөний зорилтыг хугацаанаас нь эрт биелүүлэхийн тулд гаргасан хүчин чармайлтанд амин чухал түлхэц үзүүлсэн Олон Улсын Сургалтын Төв нь бидний талархлыг хүртсэн билээ. Дэлхий дахиныг хамарсан энэхүү хөдөлгөөнд эрч хүч оруулж, тив бүрт явагдаж буй үйл явцыг туйлын няхуураар хянан дүгнэж, Тивийн Зөвлөхүүдтэй нягт дотно ажиллаж байгаа байдлыг нь харахад Засаг захиргааны Журамд агуулагдсан агуу их хүч чадлыг мэдрүүлнэ. Сургалтын Төв нь эдүгээ кластерын төвшин дэх ажиллагааны үр дүнтэй байдлыг хангахтай холбоотой асуудлуудад мөн адил эрч хүч анхаарлаа чиглүүлэхдээ хүүхдийн Бахайн хичээлийн хэрэгжилтэнд онцгой анхаарал хандуулах нь эргэлзээгүй юм. Ирэх жилд нийгмийн янз бүрийн нөхцөл байдлыг илэрхийлсэн тодорхой сонгож авсан цөөн хэдэн кластерт хуримтлуулж буй туршлагад дүн шинжилгээ хийснээр хотын бичил хороодод болон хөдөөгийн тосгодод бүх насны хүүхэд багачуудад зориулан тогтмол явагдах хичээлүүдийг байгуулах боломжийг бүрдүүлэхэд шийдэх шаардлагатай практик асуудлуудыг тодорхой болгоно гэдэгт итгэл дүүрэн байна.

16. Өсвөр насны залуучуудыг оюун санаагаар чадваржуулах хөтөлбөрийн түргэн тархалт нь Бахайн нийгэмлэгийн соёлд гарсан бас нэгэн хөгжил дэвшлийн илэрхийлэл мөн. Дэлхий дээр өсвөр насныхныг тун хүндрэлтэй, бие махбодын ба сэтгэл санааны өөрчлөлтөнд автан хөлөө алдсан, хувиа хичээсэн, аливаад сэтгэлгүй хэмээн төсөөлөх хандлага түгээмэл байдаг бол Бахайн нийгэмлэг өөрийн ашиглаж буй хэл яриа болон арга барилдаа үүнээс эсрэг чиглэлд шийдэмгийгээр урагшилж байгаа билээ. Өсвөр үеийн залуучууд нь бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, шударга ёсыг мэдрэх соргог мэдрэмжтэй, орчлон ертөнцийн учир начрыг танин мэдэх эрмэлзэлтэй, мөн сайн сайхан дэлхий ертөнцийг бүтээн байгуулахад өөрсдийн хувь нэмрийг оруулах тэмүүлэлтэй гэсэн үзэл баримтлалтай байдаг билээ. Гариг дэлхийн өнцөг булан бүрт уг хөтөлбөрт оролцож буй өсвөр насны залуучууд өөрсдийн бодол санаагаа илэрхийлэн дуу хоолойгоо өргөсөн олон олон түүх нь ийм үзэл баримтлалын үнэн зөв болохыг илтгэн харуулж байна. Хөтөлбөр нь ертөнцийн бодит байдлыг судлахад тэдний өргөжин тэлж буй ухамсрыг өдөөн тэтгэж, нийгэмд үйлчилж буй бүтээлч болон сүйтгэн хөнөөгч хүчнүүдэд дүн шинжилгээ хийж, тэдгээр нь өөрсдийнх нь бодол санаа ба үйлдэлд хэрхэн нөлөөлдгийг ухааран ойлгоход нь тусалж, тэдний оюун санааны мэдрэхүйг хурцатгаж, өөрсдийгөө үгээр илэрхийлэх чадварыг нь хөгжүүлж, насан туршийнх нь амьдралд тэднийг чиглүүлэх ёс суртахууны бүтцийг нь бүрэлдүүлэн бэхжүүлж чадаж байгаа гэсэн шинж тэмдэг хангалттай байна. Оюун ухаан, оюун санааны болон бие махбодын хүч чадал нь бялхан түргэн хөгжиж буй энэ насандаа эрхэм нандин хүмүүнлэг мөн чанарыг нь дээрэмдэн булаахаар завдаж буй хүчнүүдийг сөрөн зогсох, мөн нийтийн сайн сайхны төлөө ажиллах зэмсгийг тэдэнд хангаж өгч байгаа юм.

17. Хөтөлбөрийн гол бүрэлдэхүүн хэсэгт аливаа сэдвийг авч үзэхдээ шашныг сурган номлох арга хэлбэрээр биш харин түүнийг Бахайн үзэл баримтлалын өнцгөөс авч судалдаг нь уг хөтөлбөрийг янз бүрийн орчин, нөхцөл байдалд байгаа өсвөр насныханд хүртээлтэй болгох арга замыг нээж өгсөн юм. Тиймээс олон тохиолдолд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа анд нөхөд нийгмийг хөгжүүлэх үйл ажиллагааны талбарт итгэлтэйгээр алхан орж, улмаар өргөн хүрээний асуултууд, боломж бололцоотой тулгардаг бөгөөд тэдгээрийг дэлхий дахиныг хамарсан суралцах үйл явцад Ариун Газар дахь Нийгэм эдийн засгийн хөгжлийн Алба зохицуулан уялдуулж, хянан ажиглаж байна. Эдүгээ нэгэнт хуримтлагдаж буй мэдлэг туршлагын санд түшиглэн дэлхий даяар тархсан хэд хэдэн кластер тус бүр нь мянга гаруй өсвөр үеийнхнийг хөтөлбөрт хамруулах чадварт хүрчээ. Энэ чиглэлд бас урагшлан хөгжихөд нь бусад кластерт туслахын тулд арав арван кластерын зохицуулагч нарыг сургалтанд хамруулахад ашиглаж болох суралцахуйн талбаруудын сүлжээг хэсэг сүсэгтнүүдийн тусламжтайгаар тус Албанаас бүх тивд байгуулж байна. Эдгээр нөөц хүмүүс нь сургалтыг дүүргэсний дараа өөрсдийн кластертаа эргэж очсоны дараа ч зохицуулагч нарыг үргэлжлүүлэн дэмжих агаад өсвөр насны залуучуудын хөтөлбөрийг бат үндэс суурьтайгаар хөгжүүлэх оюун санааны эрч хүчтэй орчныг буй болгоход нь тэдэнд тусалдаг байна.

18. Хэдийгээр үйл ажиллагааны загвар тодорхой болсон ч энэ салбарт цаашид мэдлэг улам хуримтлагдах нь дамжиггүй юм. Гагцхүү Бахайн нийгэмлэгийн чадавхи л уг хөтөлбөрийг уриалгахнаар хүлээн авч буй сургуулиуд, иргэний бүлэг байгууллагуудын эрэлт хэрэгцээг хангахад хязгаарлалт учруулж байна. Өнөөдөр өсөлтийн эрчимтэй хөтөлбөрийн анхаарлын төвд байгаа кластерууд нь өсвөр насны цөөн хэдхэн бүлэгтэйгээс авхуулан нэлээд олон бүлэгтэй болсон учраас туршлага түгээх суралцахуйн талбарын байнгын дэмжлэгийг авч болох бүтэн цагаар үйлчлэх зохицуулагч шаардагдах төвшинд хүрэх хүртэл нөхцөл байдлын хувьд харилцан адилгүй байна. Ямар төвшинд хүрснээс үл хамааран бүх кластерт энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадавхийг нэмэгдүүлэхийн тулд тус бүр нь бүтэн цагаар үйлчлэх зохицуулагч бүхий хорь орчим кластерыг хамарч чадах суралцахуйн 32 талбарыг энэ Төлөвлөгөөний төгсгөл гэхэд байгуулан ажиллуулахыг уриалж байна. Харин бусад кластерт ирэх жилийн хугацаанд хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадавхийг буй болгож, бүлгийн тоог системтэйгээр нэмэгдүүлэхэд гол анхаарлыг хандуулах шаардлагатай юм.

19. Одоог хүртэл бидний дурьдсан хөгжил дэвшлүүд, үүнд: Шүтлэгийг шууд замаар багшлах ба янз бүрийн ажил мэргэжил, анги давхаргын хүмүүстэй оюун санааны ач холбогдолтой сэдвүүдээр утга учиртай харилцан яриа өрнүүлэх чадавхи өссөн явдал, үйл ажиллагаатай хослуулан уялдуулсан байдлаар сургаалыг судлах арга барил дэлгэрэн хөгжсөн явдал, хотын бичил хороо болон тосгодод хүүхэд багачуудад оюун санааны боловсрол олгох хичээлийг тогтмол явуулахад шинээр эрч хүч анхаарлаа дайчлахаар болсон явдал, өсвөр насны залуучуудад ёс суртахууны хос зорилгыг төлөвшүүлж, тэдний нуугдмал нөөц чадавхийг нээн хөгжүүлж нийгмийн хувьсал өөрчлөлтөнд хувь нэмрээ оруулахад чадваржуулахад чиглэгдсэн хөтөлбөрийн үр нөлөөлөл тархаж байгаа явдал нь бүгд соёлын төвшинд гарсан өргөн далайцтай, урт удаан үр дагаврыг дагуулсан бас нэгэн хөгжил дэвшлийн нөлөөнд эрчимжсэн юм. Хамтын ухамсарт энэхүү хувьсал хөгжил явагдсан нь анд нөхдийн дунд хоорондын ярианд “дагалдан халамжлах” гэсэн үг улам ойр ойрхон хэрэглэгдэж, Бахайн нийгэмлэгийн үгсийн нэгдмэл санд багтан орохдоо шинэ утга санаа агуулах болсноос тод томруун харагдаж байна. Энэ нь суралцахуй нь үйл ажиллагааны горим болсон соёл дорвитойгоор бэхжсэний дохио юм. Энэхүү суралцах горим нь Асран тэтгэгчийн өгүүлснээр Шүтлэгийн үндсэн үүрэг зорилго болох тэнгэрлэг соёл иргэншлийг бүтээн байгуулахад Бахауллагийн сургаалыг хэрэгжүүлэх хамтын хүчин зүтгэлд улам улам олон тооны хүмүүсийн ухамсартай оролцоог хөхиүлэн дэмжиж байгаа билээ. Ийм арга барил нь хүний эрч хүчийг түрэмгийлэл, шунал, гэмшүүлэл эсвэл манипуляцийн аргаар эзэмдэхийг голдуу эрмэлзсэн нийгмийн хуучин эмх журмын оюун санааны хувьд дампуурсан, үхширмэл арга замуудаас эрс ялгарч байгаа юм.

20. Анд нөхдийн дунд соёлын энэхүү хөгжил дэвшил нь тэдний хоорондын харилцаа холбооны чанараар илрэлээ олж байна. Суралцахуй нь үйл ажиллагааны горим болох нь бүгд даруу төлөв байдлыг эзэмшихийг шаардана. Ийм нөхцөлд хүн өөрийн “би”-г умартан, гагцхүү Бурхан л дэлэнчийг бүргэд, дуслыг хязгааргүй далай болгон хувиргах чадалтай гэдгийг санаж бүхий л итгэл найдвараа Бурханд даатган, Түүний бүхнийг тэтгэгч хүчин, Түүний харьшгүй тусламж дэмжлэгт итгэн найдна. Ийм байдалд анд нөхөд хамтдаа цуцалтгүй хөдөлмөрлөж, өөрсдийн ололт амжилтандаа бус харин бусдын өсөлт хөгжил ба үйлчилгээнд цэнгэн баярлана. Бурханы Үйл хэрэгт үйлчлэхүйн өндөрлөг өөд тэмүүлж, Түүний мэдлэгийн тэнгэрт дүүлэхэд бие биендээ туслахад тэдний бодол санаа бүхий л цагт төвлөрнө. Чухамдаа ийм байдлыг л бид гариг дэлхий даяар хөгшин залуу ялгалгүй, туршлагатай ба шинээр элссэн хамаагүй мөр зэрэгцэн үйлчлэн зүтгэж буй анд нөхдийн хөхиүлэн дэлгэрүүлж буй үйл ажиллагааны одоогийн хэв загварт олж харж байгаа билээ.

21. Ийнхүү нийгэмлэгийн соёлд гарсан хөгжил нь зөвхөн хувь хүмүүсийн хоорондын харилцаанд нөлөөлөөд зогсохгүй Шүтлэгийн засаг захиргааны ажил хэргийг явуулах арга хэлбэрт ч өөрчлөлт авчирч буй нь илт байна. Суралцахуй нь Бахайн нийгэмлэгийн үйл ажиллагааны онцлог хэв горим болохын хэрээр өргөжүүлэлт болон бэхжүүлэлттэй холбоотой зарим шийдвэрийг гаргах явдлыг сүсэгтэн олонд ногдуулснаар төлөвлөлт ба төлөвлөгөөний хэрэгжилт нь газар дээрх нөхцөл байдалтай илүү уялдах болсон байна. Тухайлбал, эргэцүүлэх уулзалтаар кластерын төвшинд үйл ажиллагаанд оролцож буй тэдгээр анд нөхдөд үе үе уулзалдан институцийн өгсөн удирдамж, хуримтлуулсан туршлага дээр тулгуурлан тухайн нөхцөл байдлаа дүгнэн зөвшилцөлд хүрч, цаашид хэрэгжүүлэх нэн тэргүүний алхмуудаа тодорхойлох боломжийг олгосон орон зайг бүрдүүлсэн байна. Ийм адил орон зайг сургалтын институт нь тухайн кластерт мөн сургагч, хүүхдийн хичээлийн багш, өсвөр насныхны бүлгийн удирдагчаар үйлчилж байгаа хүмүүст үе үе тогтмол уулзаж туршлагаа хуваалцахад нь зориулан нээжээ. Сургалтын институтын агентлагууд, Нутгийн сургаалыг багшлах Хороо нь Туслах Зөвлөлийн Гишүүдийн хамтаар анхан шатан дахь явагдах энэхүү зөвлөлдөх үйл явцтай нягт холбоотой байх агаад тэдний хооронд явагдах харилцан яриа нь өсөлттэй холбоотой шийдвэрүүд гарах, гэхдээ энэ удаад илүү албан чанарын шийдвэрүүд гарах бас нэгэн орон зай болж өгдөг байна. Хэрэгцээ шаардлагаас үүсэн бий болсон кластерын төвшний энэхүү системийн ажиллагаа нь Бахайн засаг захиргааны нэгэн чухал шинжийг илэрхийлэн харуулж байна. Амьд организм гэсэн утгаараа Бахайн засаг захиргаа нь Даян Дэлхийн Шударга Ёсны Ордоны удирдамжийн дор хувьсан хөгжихдөө бүтэц ба үйл явцууд, холбоо харилцаа ба үйл ажиллагааны хувьд улам улам өндөр зэргийн нарийн цогцолбор хэлбэрт дасан зохицох чадавхийг өөртөө кодчлон агуулсан байдаг болой.

22. Орон нутаг ба бүсийн хэмжээнээс авхуулан үндэсний болон тивийн хүртэлх Шүтлэгийн бүхий л төвшний институциуд нь ийм өсөн нэмэгдэж буй нарийн цогцолбор ажиллагааг улам улам чадварлагаар удирдах чадвартай болж байгаа нь тэдний тогтвортой өсөлт хэрсүүжилтийн шинж тэмдэг төдийгүй ийм өсөлтөнд хүрэхийн шаардлага юм. Засаг захиргааны бүтэц бүрэлдэхүүн хэсгүүдийн хооронд явагдах харилцаа холбоо ийнхүү хувьсан хөгжсөнөөр Бурханы Үгийг түгээн тархаах, сүсэгтэн олны эрч хүчийг дайчлах, оюун санааны гэгээрлийг хөхиүлсэн орчныг буй болгох үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэхдээ шинэ шатанд хүрэх босгонд Орон Нутгийн Оюун Санааны Чуулгыг ойртуулж байна. Урьд нь бид хэдэнтээ Оюун Санааны Чуулгын хэрсүү сайн ажиллагааг дан ганц хэр тогтмол хуралддаг, хэр чадвартай ажилладгаар нь үнэлэн хэмжиж болохгүй гэдгийг тайлбарлаж байсан билээ. Харин түүний хүч чадлыг үйлчилж буй нийгэмлэгийнх, тухайлбал албан ёсоор элссэн ба элсээгүй хүмүүсийн бүтээлч хувь нэмрийг уриалгахнаар хүлээж авдаг, хүрээгээ байнга тэлж буй нийгэмлэгийнх нь оюун санааны болон нийгмийн амьдралын эрч хүчээр ихэнхдээ хэмжих ёстой юм. Өнөөгийн хэрэглэж буй арга барил, аргачлал, хэрэгсэл зэмсгүүд нь орон нутагтаа Таван Жилийн Төлөвлөгөөний шаардлага хэрэгцээг хангахын тулд өөрсдийн үүрэг хариуцлагаа биелүүлэхэд нь дөнгөж байгуулагдсан ч хамаагүй Орон Нутгийн Оюун Санааны Чуулгуудад арга замууд нээж өгч байгааг харахад таатай байна. Чухамдаа Төлөвлөгөөний хэрэгжилтэнд Чуулга зохих үүргээ гүйцэтгэх явдал нь олон тооны хүмүүсийг угтан хүлээн авах гэсэн аливаа оролдлогод нэн чухал болох агаад нөгөөтэйгүүр тооны ийм өргөн далайцтай өсөлтөнд хүрснээр Чуулгын нөөц боломж чадавхи бүрэн дүүрэн хөгжих нөхцөл сая бүрэлдэх билээ.

23. Ирэх жилүүдэд Орон Нутгийн Оюун Санааны Чуулгуудын хөгжилд ахиц дэвшил гарахыг бид гэрчлэн харах нь бүрэн боломжтой байгаа нь Үндэсний Оюун Санааны Чуулгуудын хүч чадал өсч байгаатай холбоотой юм. Үндэсний Чуулгууд стратегийн хувьд сэтгэж, ажиллах чадвараар мэдэгдэм өссөн, ялангуяа анхан шатанд явагдаж байгаа нийгэмлэгийг бүтээн босгох үйл явцад улам илүү мэдрэмжтэйгээр, илүү үр дүнтэйгээр дүн шинжилгээ хийж, шаардлагатай үед тусламж дэмжлэг, нөөц, урам дэм, хайр дүүрэн удирдамжаар хангаж сурахын хэрээр энэ чадвар нь өсч байна. Нөхцөл байдал шаардаж буй зарим оронд эдгээр Чуулгууд өөрсдийн үүрэг хариуцлагынхаа нилээдийг Бүсийн Зөвлөлүүдэд шилжүүлсэн ба ингэснээр захиргааны тодорхой ажил үүргийн төвлөрлийг сааруулж, хариуцсан нутгийн хил хязгаарын хүрээнд институцийн чадавхийг хөгжүүлж, илүү боловсронгуй цогц хамтын үйл ажиллагааг бий болгож байгаа юм. Өнөөгийн Төлөвлөгөөний зорилтыг биелүүлэхэд шаардагдсан тэрхүү эцсийн давшилтыг хийхэд Үндэсний Чуулгууд өөрсдийгөө бүрэн дайчилсан нь чухал үүрэгтэй байсан гэхэд хэтрүүлэг болохгүй бөгөөд энэ чиглэлд эгзэгтэй, гялсхийн өнгөрөх үлдсэн хэдэн сард цаашид улам ахиц дэвшил гарна гэдэгт итгэн найдаж байна. Чуулгууд Зөвлөхүүдтэй хамтран зөвлөлдөж дараагийн таван жилийн үйл хөдөлгөөнд ороход нийгэмлэгүүдээ бэлтгэхийн тулд дээд зэргийн хүчин чармайлтаа гаргана гэдэгт итгэн найдаж байна.

24. Зөвлөхүүдийн институцийн хувьсал хөгжил нь өнгөрсөн арван жилд Бахайн Засаг захиргааны Журамд гарсан хамгийн том ололт амжилтын нэг болсон гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Олон Улсын Сургалтын Төв нь Кармел уулан дах байнгын суудалдаа заларсантай холбогдуулан 2001 оны 1 дүгээр сард болсон чуулга уулзалтанд Зөвлөхүүд болон Туслах Зөвлөлийн Гишүүд цугларахад тус институци нь аль хэдийн өөрийн хөгжлийн явцдаа томоохон үсрэлт хийчихсэн байсан билээ. Тэрхүү үйл явдлаас үүсэн буй болсон хүч энерги нь тус институцийг цаашид үсрэнгүйгээр хөгжихөд түлхэц үзүүлсэн нь эргэлзээгүй юм. Төлөвлөгөөний урагшлах явцад Зөвлөхүүд болон тэдний туслахуудын үзүүлсэн нөлөөний цар хэмжээ нь тэд сургаалыг багшлах талбарын тэргүүн эгнээнд байх ёстой жам ёсны байр сууриа эзэлснийг харуулж байна. Засаг захиргааны Журамын институциуд маань ирэх жил тус бүр нь өөрсдийн хувьсан өөрчлөгдөж буй ажил үүрэг, үүрэг хариуцлагынхаа хүрээнд нийгэмлэгийн амьдралын онцгой товруун шинж чанар болсон суралцах горимыг хүчитгэж, ялангуяа эрчимтэй өсөлтийн хөтөлбөр явагдаж байгаа кластеруудад үүнийг нэн яаралтай бэхжүүлэхийн төлөө чармайн эрмэлзэхийн хэрээр эдгээр институциуд хоорондоо хамтын ажиллагаагаараа улам улам нэгдэн нягтрана гэдэгт бид итгэж байна.

25. Бахауллагийн Үүдэл нээлт нь өргөн уудам билээ. Энэ нь зөвхөн хувь хүмүүсийн төвшинд төдийгүй түүнчлэн нийгмийн бүтцэд гүн гүнзгий өөрчлөлт хийхийг уриалсан билээ. “Үүдэл нээлт бүрийн зорилго нь хүн төрөлхтний бүхий л шинж төрхөнд хувьсал өөрчлөлт хийх, гадаад болон дотоод талаараа илрэх, дотоод амьдрал хийгээд гадаад нөхцөл байдалд нөлөөлөх хувьсал өөрчлөлт хийхэд оршдоггүй гэж үү?” хэмээн Тэрээр Өөрөө тунхаглажээ. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт урагшлан явагдаж буй үйл ажиллагаа нь Бахауллагийн сургаалд шингээстэй тэрхүү цог жавхлант соёл иргэншлийн цөмийг буй болгохын төлөө гаргаж буй Бахайн тасралтгүй хүчин чармайлтын хамгийн сүүлийн үеийн үе шатыг төлөөлж байна. Энэ бол биеллээ олж үр жимсээ өгтөл хүн төрөлхтнөөс зуу зуун жилийн хүчин зүтгэл шаардах, нарийн цогцолбор шинж чанараараа мөн цар хэмжээгээрээ хязгааргүй бүтээн байгуулах үйл явц ажгуу. Үүнд дөт зам гэж үгүй, томьёо ч үгүй. Гагцхүү Бахауллагийн Үүдэл нээлтээс ойлголт ухаарал шавхаж, хүн төрөлхтний хуримтлагдаж буй мэдлэгийн сангаас хутгаж, Түүний сургаалыг хүмүүний амьдралд ухаалгаар хэрэгжүүлж, урган гарч буй асуултуудын талаар зөвлөлдөхийн төлөө эрмэлзэн чармайхын хэрээр сая шаардлагатай эрдэм мэдлэг, сургамж бий болж, чадавхи хөгжинө.

26. Энэхүү чадавхи хөгжүүлэх урт хугацааны үйл явцад Бахайн нийгэмлэг нь сургаал багшлах талбарт гарсан туршлагыг системчлэх, тодорхой үйл ажиллагаануудаа илүү олон олон хүмүүст нээлттэй хүртээлтэй болгоход суралцах, өргөжүүлэлт бэхжүүлэлтийн явцыг тогтворжуулахад бараг арван жил хагасыг зориулсан. Хүн бүр нийгэмлэгийн халуун дулаан тэврэлтэнд багтаж, Бахауллагийн амьдрал хайрлагч илгээмжээс тэтгэлэг авах боломж нээлттэй. Үнэнийг эрэлхийлэн хүсч буй хүн Бурханы Үйл хэргийн бат цайзанд орогнол олж, Гэрээсийн нэгтгэх хүчээс чадал тэнхээ шавхахаас өөр илүү агуу баяр баясгалан үгүй гэдэг нь баталгаатай юм. Гэсэн ч Бахауллагийн дагалдагч нарын тоонд багтаж байгаа эсэхээс үл хамааран аливаа хүн, аливаа бүлэг хүмүүс Түүний сургаалаас онгод авч, өөрсдөд тохиолдож буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд уг сургаалд орших мэргэн ухаан, эрдэм мэдлэгийн үнэт эрдэнэсээс ач тусыг нь хүртэж болох билээ. Үнэндээ хүн төрөлхтний хүсэн хүлээж буй соёл иргэншилд зөвхөн дан Бахайн нийгэмлэгийн хүчин чармайлтаар хүрэхгүй. Хүн төрөлхтний нэг нэгдмэл байдлын тухай Бахауллагийн зарчмын ухагдахууны шууд бус илэрхийлэл болсон дэлхийн эв санааны нэгдлийн үзэл санааг эрхэмлэсэн хэмжээлшгүй олон бүлэг, байгууллагууд нь өнөөгийн нийгмийн эмх журамгүй, үймээн самуунт байдлаас урган гарч ирэх заяатай соёл иргэншлийг байгуулахад хувь нэмэр оруулах болно. Ар араасаа цуварсан дэлхий дахины Төлөвлөгөөнүүдийн турш Бахайн нийгэмлэгт бий болсон чадавхи нь соёл иргэншлийг бүтээн байгуулах өргөн цар хүрээтэй олон талт явцад өөрсдийн туслалцааг үзүүлэх чадварыг нь улам илүү нэмэгдүүлж, улмаар суралцахуйн шинэ хязгаарыг нээж байгаа гэдэг нь хүн бүрт илэрхий байх ёстой.

27. 2008 оны Ризваны илгээлт захидалдаа бид, анд нөхөд кластерын төвшинд үргэлжлүүлэн хөдөлмөрлөхийн хэрээр хүрээлэн буй нийгмийн амьдрал руу улам улам гүнзгий нэвтрэн орж, улмаар өөрсдийн оролцож буй суралцахуйн системтэй үйл явцынхаа цар хүрээг тэлж хүний амьдралын үйл ажиллагааны улам олон талбар чиглэлийг хамрах гэсэн сорилттой тулгарах болно гэдгийг онцлон тэмдэглэсэн билээ. Айл гэрийн халуун дотно уур амьсгалд явагдах хөөрөлдөөнтэй хосолсон хамтаар мөргөн сүсэглэн үйл ажиллагаанууд нь насанд хүрэгсэд, залуучууд, хүүхэд багачууд гээд хүн амын бүх насны гишүүдэд оюун санааны боловсрол олгох үйл ажиллагаануудтай уялдан сүлжигдэхийн хэрээр кластер бүрт нийгэмлэгийн амьдралын баялаг дүр зураг тодрон гарч ирж байна. Эдгээрийн үр дүнд аажмаар нийгмийн ухамсар дээшилнэ, жишээлбэл, хүүхдүүдийнхээ хүсэл эрмэлзлийн талаар, мөн өсвөр насны залуучуудын санаачилгаар үүсэн гарч буй нийгэмд үйлчлэх төсөлт үйл ажиллагаануудын талаар эцэг эхчүүдийн дунд өрнүүн яриа хөөрөө олноор гарч ирснээр олны ухамсар өөр тавшинд гарна. Кластер дахь хүний нөөц хангалттай хэмжээгээр арвин болж өсөлтийн загвар баттай тогтсон үед нийгэмлэгийн зүгээс нийгмийн амьдралд оролцох явдал нэмэгдэх боломжтой төдийгүй шаардлагатай юм. Төлөвлөгөө хөгжин дэвшиж буй энэхүү эгзэгтэй цаг үед, олон олон кластер ийм төвшинд хүрэх дөхөж байгаа энэ л үед өсөн тэлж буй, эрч хүчтэй нийгэмлэг нь нийгмийнхээ материаллаг болон оюун санаанлаг хөгжил дэвшилд чухам ямар хувь нэмэр оруулж болох талаар хаа газрын анд нөхөд эргэцүүлэн тунгаах нь зохистой буй заа. Үүнтэй холбогдуулан хоорондоо харилцан хамааралтай, харилцан бие биенээ эрчимжүүлсэн үйл ажиллагааны хоёр талбарын талаар бодож тунгаах нь үр ашигтай байх болно, үүнд нэг нь нийгмийг хөгжүүлэх үйл ажиллагаанд оролцох, нөгөө нь нийгэмд тархсан хэлэлцүүлэгт оролцох явдал юм.

29. Олон арван жилийн хугацаанд Бахайн нийгэмлэг үйл ажиллагааны энэ хоёр талбарт нэлээд их туршлага хуримтлуулаад байна. Мэдээж, нийгмийг хөгжүүлэх үйл ажиллагаа болон олон нийтийн хэлэлцүүлэгт өөрсдийн ажил мэргэжлийн шугамаар хувь хүнийхээ үүднээс оролцож байгаа маш олон тооны Бахайчууд байгаа билээ. Шүтлэгийн сургаал зарчим дээр тулгуурлан ажиллаж буй хэд хэдэн төрийн бус байгууллага бүс нутгийн болон үндэсний хэмжээнд хүн ардынхаа сайн сайхны төлөө нийгмийн болон эдийн засгийн хөгжлийн салбарт хүчин зүтгэж байна. Үндэсний Оюун Санааны Чуулгын агентлагууд олон нийтийн сайн сайхан байдлыг хангах үзэл баримтлалыг дэлгэрүүлэхэд олон чиглэл сувгийг ашиглан хувь нэмрээ оруулж байна. Олон улсын төвшинд Бахайн Олон Улсын Нийгэмлэгийн Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэдэх Алба гэх мэт агентлагууд мөн адил ажил үүргийг гүйцэтгэж байна. Хэрэгцээтэй болон хүсүүштэй нөхцөлд нийгэмлэгийн анхан шатанд ажиллаж буй анд нөхөд хүрээлэн буй нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхийг эрмэлзэх явцдаа энэхүү туршлага болон чадавхиас шавхах болно.

30. Нийгмийг хөгжүүлэх үйл ажиллагааны хувьд гэвэл, үүнийг хувь хүмүүс эсвэл жижиг бүлэг анд нөхдийн санаачилгаар хэрэгжүүлж буй албан бус шинж чанартай богино хугацааны хүчин чармайлтуудаас авхуулан Бахайн сургаал зарчим дээр тулгуурлан ажилладаг байгууллагуудын хэрэгжүүлж буй нарийн цогцолбор, боловсронгуй төвшинд хүрсэн нийгэм эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрүүд хүртэл хамарсан спектрээр төсөөлөх нь хамгийн тохиромжтой юм. Хэрэгжүүлэлтийн цар хүрээнээс үл хамааран нийгмийг хөгжүүлэх бүхий л үйл ажиллагаа нь хүн амын нийгэм, эдийн засгийн амьдралын зарим нэг талыг өчүүхэн ч болов сайжруулахад Шүтлэгийн Сургаал, зарчмуудыг нэвтрүүлэхэд чиглэгдсэн байдаг. Ийм хүчин чармайлтууд нь хүн амын оюун санаанлаг амьдралын сайн сайхан байдал төдийгүй мөн бас материаллаг сайн сайхан аж байдлыг хөхиүлэн дэмжинэ хэмээн зорилгоо тодорхойлдгоороо онцлог юм. Хүн төрөлхтний хувь заяаны тэнгэрийн хаяанд гэгээрч буй дэлхийн соёл иргэншилд амьдралын материаллаг болон оюун санаанлаг хэрэгцээ нь хоорондоо динамик уялдаа зохицолдоотой байдалд хүрэх ёстой гэдэг нь Бахайн сургаалын голд оршдог билээ. Энэ үзэл санаа нь цар хүрээ, нөлөөллийн хэр хэмжээнээс үл хамааран Бахайчуудын хэрэгжүүлж буй нийгмийг хөгжүүлэх үйл ажиллагааны шинж чанарт гүн гүнзгий үр дагавартай юм. Хэдийгээр нөхцөл байдал нэг улс орноос нөгөөд, магадгүй нэг кластераас нөгөөд анд нөхдийн санаачилж буй үйл ажиллагаа нь харилцан адилгүй олон янз байсан ч гэсэн бүгд тодорхой суурь ойлголт ухагдахуунуудыг санаж байх ёстой юм. Нэг нь нийгмийн оршин тогтнолд эрдэм мэдлэгийн эзлэх тэргүүн үүрэг. Харанхуй бүдүүлэг байдлыг өөгшүүлэн дэмжих нь дарангуйллын хамгийн гутамшигтай хэлбэр мөн. Энэ нь Бахауллагийн Үүдэл нээлтийн зорилго хийгээд ажиллах зарчим болох хүн төрөлхтний эв нэгдлийг тогтооход саад тотгор болж буй атгаг сэжиг үзлийн олон ханануудыг улам бэхжүүлдэг юм. Эрдэм мэдлэгийг эзэмших нь хүн бүрийн эрх бөгөөд эрдэм мэдлэгийг буй болгож, нэвтрүүлж, түгээн цацах нь дэлхийн хөгжингуй соёл иргэншлийг бүтээн босгох агуу үйл хөдөлгөөнд хүн бүр өөр өөрсдийн авъяас билэг, чадал чансаагаараа оролцож бүх нийтээрээ үүрэх ёстой үүрэг хариуцлага мөн. Шударга ёс нь бүх нийтийн оролцоог шаарддаг. Тийнхүү нийгмийн хөгжлийн үйл ажиллагаа нь ямар нэгэн хэлбэрээр бараа үйлчилгээгээр хангах явдлыг багтааж болох болох боловч түүний хамгийн үндсэн зорилго нь илүү сайн сайхан нийгмийг бүтээн байгуулахад оролцоход нь тухайн хүн амын дунд чадавхи хөгжүүлэх явдал юм. Нийгмийг хөгжүүлэх үйл ажиллагаа гэдэг бол нэг бүлэг хүмүүс өөр бүлэг хүмүүсийн ашиг тусын төлөө хэрэгжүүлж байгаа төсөл биш ээ. Нийгмийг хөгжүүлэх үйл ажиллагааны цар хүрээ, бүтэц нь тухайн тосгон эсвэл хотын бичил хороонд тус үйл ажиллагааг цааш нь урагш авч яван хэрэгжүүлэх хүний нөөцийн боломж бололцоонд зохицон тохирсон байх ёстой. Иймээс хүчин чармайлт тун даруу хэмжээтэйгээр эхэлж тухайн хүн амын чадавхи өсөн нэмэгдэхийн хэрээр органикаар тэлж өсөх нь хамийн зохистой юм. Нийгмийн хувьсал өөрчлөлтийг хөхиүлэн дэмжигч нар Бахауллагийн Үүдэл нээлтийн элементүүдийг шинжлэх ухааны агуулга, арга зүйтэй хослуулан өөрсдийн амьдарч буй нийгмийн бодит байдалд илүү үр дүнтэйгээр хэрэгжүүлж сурахын хэрээр мэдээж чадавхи шинэ шинэ төвшинд гарна. Тэд нийгмийнхээ бодит байдлыг Бахауллагийн сургаалтай зохицсон байдлаар “уншихыг” эрмэлзвэл зохино. Тухайлбал, төрөл нэгт хүмүүсээ үнэлж баршгүй эрдэнэс хэмээн үзэж, хүмүүсийн зүрх сэтгэл, ухаан бодолд хийгээд нийгмийн бүтцэд нэгдэл нягтрал, задрал бутралын хос үйл явц ямар нөлөө үзүүлж байгааг анзааран харна гэсэн үг юм.

31. Нийгмийг хөгжүүлэх үр дүнтэй үйл ажиллагаа нь нийгэм дэх хэлэлцүүлэгт оролцох явдлыг улам баяжуулах нөлөөтэй, үүний сацуу тодорхой чиглэлийн хэлэлцүүлэгт оролцсоны үр дүнд олж авсан ойлголт ухаарал нь нийгмийг хөгжүүлэх үйл ажиллагааг бүрдүүлэх зарим концепци ухагдахуунуудыг улам тодорхой болгоход тусална. Кластерын төвшинд олон нийтийн хэлэлцүүлэг, харилцан ярианд оролцох нь өдөр тутмынхаа ярианд Бахайн үзэл санааг танилцуулах энгийн үйлдлээс авхуулан нийгмийн анхаарлыг татсан сэдвүүд болох цаг уурын өөрчлөлт, хүрээлэн буй орчин, засаглал, хүний эрх гэх мэт сэдвээр нийтлэл бэлдэх, хурал зөвлөгөөнд оролцох зэрэг арай албан ёсны үйл ажиллагааг хүртэл хамарч болох юм. Үүнд түүнчлэн тосгон, хотын бичил хорооны хүрээнд иргэний нийгмийн бүлэг, нутгийн байгууллагуудтай утга учиртайгаар хамтран ажиллах явдал багтана.

32. Үүнтэй холбогдуулан бид нэгэн зүйлийг анхааруулан сануулахыг хүсч байна. Нийгмийг хөгжүүлэх үйл ажиллагаа болон олон нийтийн хэлэлцүүлэг ярианд оролцохын үнэ цэнэ нь Шүтлэгт шинэ элсэгчдийг авч ирэх чадвараар нь хэмжигдэхгүй юм аа. Үйл ажиллагааны энэхүү хоёр талбарт гаргасан хүчин чармайлтын үрээр Бахайн нийгэмлэгийн хэмжээ дамжаа нэмэгдэх үр дүн гарч болзошгүй хэдий ч, эдгээр үйл ажиллагааг чухам ийм зорилготойгоор хэрэгжүүлэх ёсгүй юм. Чин ариун сэтгэлийг энд хамгийн нэгдүгээр шаардлага хэмээн үзэх ёстой. Түүнчлэн Бахайн туршлагыг хэтрүүлэн товойлгох юмуу дөнгөж эхэлж яваа хүчин чармайлтуудад хэт их анхаарал татахаас зайлсхийх, жишээлбэл өсвөр насны залуучуудыг оюун санааны хувьд хүчирхэгжүүлэх хөтөлбөр зэрэг өөрсдийн хурдцаар хөгжин бэхжих орон зайг нь үлдээх ёстой үйл ажиллагаануудад анхаарал татахаас зайлсхийхийг чанд баримтлах хэрэгтэй. Бүхий л тохиолдолд даруу төлөв байх нь уриа байх ёстой. Өөрсдийн итгэл үнэмшлийн тухай хүүрнэн хуваалцаж байхдаа анд нөхөд ололт амжилтандаа эрдсэн дэврүүн байдлыг харуулахгүйг байхыг анхаарах нь зүйтэй. Ийм байдал өөрсдийнх нь хүрээнд зохисгүй, тэр тусмаа бусад нөхцөл байдалд ч огт тохирохгүй юм.

33. Кластерын төвшинд ийнхүү нээгдэж буй эдгээр шинэ шинэ боломж бололцоог тайлбарлан өгүүлэхдээ бид та нарыг одоогийн чиг шугамаа өөрчлөхийг хүссэн хэрэг биш юм шүү. Мөн түүнчлэн нийгэмлэгийн хомс хязгаарлагдмал нөөц, хүч энергийн төлөө өргөжүүлэлт, бэхжүүлэлтийн ажилтай өрсөлдөж буй альтернатив үйлчилгээний талбар ч гэж эдгээр боломж бололцоог төсөөлөн үзэх ёсгүй. Ирэх жилийн хугацаанд институтын үйл явцыг, мөн уг үйл явцаас ундран гарах үйл ажиллагааны загварыг улам цааш нь бэхжүүлэх ёстой бөгөөд сургаалыг башлах явдал хувь сүсэгтний бодол санааг эзэмдэх эн тэргүүний даалгавар байж үлдэх ёстой юм. Цаашилбал, нийгмийн амьдралд оролцох явдлыг цагаас нь өмнө эрэлхийлэх шаардлагагүй. Энэ нь кластер бүрт анд нөхөд үйл хөдлөл- эргэцүүлэл- зөвлөлдөөн- сургаалыг судлах үйл явцаар дамжуулан Төлөвлөгийн шаардлага хэрэгцээг хангахын төлөө уйгагүй шургуу зүтгэж, үүний үр дүнд улам суралцан боловсрохын хэрээр аяндаа жам ёсоор урган гарч ирэх болно. Нийгэмлэг өөрийн өсөлтийг хөхиүлэн дэмжиж, өөрийн амьд эрч хүчийг тогтвортой хадгалах чадавхи нь аажмаар нэмэгдэх тутам нийгмийн амьдралд оролцох явдал хөгжин цэцэглэх болно. Энэ нь дэлхий дахиныг хамарсан өнөөгийн цуврал Төлөвлөгөөг чиглүүлж буй концепцийн хүрээний элемент дээр дулдуйдаж байгаа тэр хэмжээгээр нийгэмлэгийг өргөжүүлэн бэхжүүлэх хүчин зүтгэлтэй уялдаа зохицолдоотой болж ирэх юм. Тэгээд эдгээр элементийг суралцахуйн шинэ шинэ салбарт бүтээлчээр ашиглаж байгаа тэр зэргээр хөгжин цэцэглэнгүй бөгөөд энх амгалан дэлхийн соёл иргэншлийг бий болгох Бахауллагийн зөн хараа луу чиглэн ойртох хүн амын урагш хөдөлгөөнд хувь нэмрээ оруулах болно.

34. Хайрт анд нар аа: Хайрт Багш хичнээн ч олон удаа сүсэгтэн анд нөхдийн зүрх сэтгэл бие биенээ хайрлах хайрын сэтгэлээр бялхаасай, тэд салан хагацахыг үл тэвчиж, харин бүхий л хүн төрлөхтөнг нэг гэр бүл хэмээн үзээсэй гэж итгэн найдаж байгаагаа илэрхийлсэн билээ дээ. Тэрээр нэгэн айлдвартаа “Бие биеэ үл таних хүмүүс хэмээн бүү үзэгтүн, харин бүх хүмүүсийг анд нөхөд хэмээн харагтун, учир нь та нар өөрсдийн харцыг хоорондоо ялгаатай байгаа тал дээрээ төвлөрүүлэх аваас хайр ба эв нэгдэлд хүрэх тун хэцүү болно” гэсэн билээ. Өмнөх хуудаснуудад авч үзсэн хөгжил дэвшлүүд бүгд хамгийн гүн гүнзгий төвшиндөө Ариун Сүнсний хүчээр бий болсон даян дэлхийн хайрыг илэрхийлж байгаа юм. Үнэндээ Бурханы хайрын гал л хүйтэн хөндий байдал ба хагарал зөрчлийн бүхий л гивлүүрийг хуулан шатааж, хүмүүсийн зүрх сэтгэлийг төгс төгөлдөр эв нэгдэлд гагнан холбодог биш гэж үү? Чухамдаа Бурханы хайр л та нарыг үйлчлэхүйн талбар луу чиглүүлэн зоригжуулж, хүн бүрт Түүнийг танин мэдэж, Түүнийг бишрэн шүтэх нөөц чадавхийг анзааран олж харахад тань тусалдаг биш гэж үү? Чухамдаа хүн төрөлхтнийг хайрласан учраас л Бурханы Тодруулагч бүхий л амьдралаа шаналал зовлонд баяртайгаар өнгөрүүлсэн тухай мэдлэг таны эрч хүчийг бадраахгүй байна гэж үү? Өөрсдийнхөө эгнээн дотор харагтун: Иранд байгаа эрхэм ах эгч дүүс нараа санагтун. Тэд Бурханыг хайрлаж, Түүнд үйлчлэх хүсэл мөрөөдлөөр бялхсандаа тэвчээр хатуужлыг үлгэрлэн харуулахгүй байна гэж үү? Хамгийн харгис хэрцгий бөгөөд туйлын гашуун хяхалт хавчилтыг даван дийлэх тэдний чадавхи нь дарангуйлалд автсан дэлхийн сая саян хүмүүст байгаа газар дэлхий дээр Бурханы Хаант улсыг байгуулах явцад өөрсдийн шийдэмгий хувь нэмрийг оруулахаар зориглон босох чадавхийг илтгэхгүй байна гэж үү? Нийгмийн хагараан бутраагч хүчнүүдэд өвдөг үл сөгдөн, урагш давшиж, Бахауллагийн илгээлтийг хотын бичил хороолол бүрт, хөдөөгийн тосгон бүрт, гариг дэлхийн өнцөг булан бүрт хүсэн хүлээсээр байгаа хүмүүст хүргэж, тэднийг Түүний нийгэмлэгт, Агуу их Алдарын нийгэмлэгт уриалан багтаагтун. Та нар хэзээ ч бидний бодол санаа, мөргөл залбирлаас гардаггүй агаад Өөрийн гайхамшигт буян хишгээрээ та нарыг тэтгэж хүч чадал олгоосой хэмээн бид Хамгаас Чадагч Бурханд хичээнгүйлэн залбирсан хэвээр байх болно.

 

Windows / Mac