Return   Facebook

The Universal House of Justice

Ridván 2011

To the Bahá’ís of the World

Dearly loved Friends,

Сүр жавхлант энэхүү улирлын эхэнд оройн дээд Бабын Бунханыг титэмлэн чимсэн алтан ганжирын шинэхэн гэрэлт туяа бидний мэлмийг хөгжөөн баясгаж байна. Шоги Эффендигийн анхлан цогцлоосон тэрхүү үзэсгэлэнт дагшин байдал нь дахин сэргээгдсэн уг сүрлэг барилга өдөр шөнийн цагаар газар дэлхий, далай тэнгис, хурмаст тэнгэр рүү гэрэл гэгээгээ дахин цацруулж, ариун цогцос нь хадгалагдан буй Түүний цог жавхлант ариун гэгээн чанарыг илэрхийлэн харуулж байна.

Энэ баяр баясгалант мөч нь Тэнгэрлэг Төлөвлөгөөний хөгжлийн түүхэн дэх цог жавхлант нэгэн үе шатны төгсгөлтэй давхцан тохиож байгаа юм. Абдул-Бахагийн Хүсэл Зориг ба Гэрээсийн буянт ивээл нөмөр дор явагдаж буй Бүрэлдэн тогтох үеийн эхний зуун жил дуусахад нэг л арван жил үлдлээ. Эдүгээ өндөрлөж буй Таван Жилийн Төлөвлөгөөг бас нэгэн Таван Жилийн Төлөвлөгөө залгамжлан авч байгаа агаад түүний онцлог шинжүүдийн талаар эрчимтэйгээр судлах явдал Бахайн ертөнц даяар аль хэдийн өрнөж эхлээд байна. Тивийн Зөвлөхүүдийн Зөвлөлүүдийн чуулга уузалтанд хандсан бидний захидал болон арван хоёр сарын өмнө илгээсэн Ризваны захидлыг анд нөхөд юутай уриалгахан сэтгэлээр хүлээн авч хэрэгжүүлж байгааг харахдаа бид талархаад баршгүй байгаа билээ. Агуулгыг нь хагас хугас хэсэгчлэн ойлгосондоо сэтгэл ханалгүйгээр анд нөхөд эдгээр захидлыг ганц ганцаараа болон хэсэг бүлгээрээ, зохион байгуулалттай болон урьдчилан төлөвлөөгүй уулзалт цуглаанууд дээр дахин дахин эргэн харж судалж байна. Өсөлтийн хөтөлбөрийг өөрсдийн кластеруудад бойжуулан хөгжүүлэх явцад идэвхтэй бөгөөд ухамсартайгаар оролцох явдал нь тэдний ойлголтыг улам бүр баяжуулж байна. Үүний улмаас, энэхүү хэдхэн сарын хугацаанд дэлхий дахины Бахайн нийгэмлэг ирэх арван жилийн хүчин чармайлтынхаа гарааг итгэлтэйгээр эхлүүлэхэд нь чухам юу түлхэц үзүүлэхийг сайтар ухамсарлан ойлгож чадлаа.

Мөн энэ хугацаанд, янз бүрийн тивүүдэд улс төрийн үймээн самуун, эдийн засгийн хямралт асуудлууд ар араасаа цувран дэгдсэн нь засгийн газрууд хийгээд ард түмнүүдийг донсолгох болсон билээ. Олон оронд нийгэм хувьсгалын ирмэгт тулж улмаар дуулиантай хэдэн тохиолдолд олны эгдүүцэл эргээсээ хальж хувьсгал гарахад хүрсэн байна. Зэр зэвсэг, эд баялгийн аль нь ч аюулгүй байдлын баталгаа болж чадахгүй гэдгийг улс орны удирдагч тэргүүн нар ойлгож эхэлжээ. Ард түмнийх нь хүсэл тэмүүлэл биелэгдээгүй тэр газар дургүйцэл зэвүүцэл хуримтлагдсаар байгаа билээ. Бахаулла газар дэлхийн хаад ноёдод хэрхэн онцлон сэрэмжлүүлж байсныг бид эргэн санаж байна: “Та нарын эрдэнэс бол ард түмэн тань билээ. Засаг төрөө барихдаа Бурханы зарлиг лүндэнг зөрчүүзэй, халамж нөмөр дор тань байгаа өөрийн ард иргэдээ дээрэмчин тонуулчны гарт тушаан өгүүзэй.” Сэрэмжлүүлэх нэгэн үг байна: Өөрчлөлт хийхийг хүссэн ард түмний дэвэрсэн тэмүүлэл хөдөлгөөнийг ажиглан харах нь хичнээн сэтгэл хөөргөж байгаа ч болж буй үйл явдлыг урвуугаар ашиглаж буй ашиг сонирхолтнууд байгаа гэдгийг мартаж үл болно. Тэнгэрлэг Эмчийн бичиж өгсөн танг хэрэглээгүй байсан цагт энэ эрин үеийн зовлон шаналал улам гаарч бүр гүнзгийрсээр байх болно. Цаг үеээ анхааралтай ажиглаж байгаа хэн боловч туйлын их өвчин эмгэгт баригдсан дэлхийн эмх журмын задран бутрах үйл явц эрс огцом бөгөөд зогсолтгүйгээр түргэсч байгааг бэлхнээ анзааран харна.

Гэвч, үүнтэй зэрэгцэн эсрэг чиглэлд өрнөж буй нэгэн үйл явц нүдэнд адил илэрхий байгаа нь Асран тэтгэгчийн тодорхойлсноор “Бахауллагийн нялх балчир Шүтлэг”-тэй холбоотой, “уг Шүтлэгийн удахгүй цогцлоон байгуулах Дэлхийн Шинэ Эмх Журамын замыг засагч” бүтээн босгох үйл явц бөлгөө. Энэхүү үйл явцын шууд бус үр нөлөө нь нийгмийнхээ хөгжилд хувь нэмрээ оруулах гэсэн хичээнгүй хүсэл тэмүүллээс, ялангуяа хүүхэд залуучуудын ийм хүсэл тэмүүллээс ундарч байгаа сэтгэлийн илэрхийллээс харагдаж байна. Газар нутаг бүрт гарцаагүйгээр хүмүүний оюун санаанаас ундран бялхаж байгаа уг хүсэл мөрөөдөл гараг дэлхийн янз бүрийн хүн амын дунд үр дүнтэй үйл ажиллагаа явуулах чадавхиа хөгжүүлэхийн тулд хийж байгаа Бахайн нийгэмлэгийн ажилд улам яруу тод илэрхийллээ олж байгаа нь үнэнхүү Өнө Эртний Гоо Жавхлангийн дагалдагч нарт ногдсон буян хишиг билээ. Үүнтэй дүйцэх дархан эрх ямба бий гэж үү?

Энэхүү ажлын талаар илүү сайтар ойлгохын тулд сүсэгтэн бүр Абдул-Баха руу харцаа чиглүүлэг. Эдүгээ бид Египет болон өрнөд рүү хийсэн Түүний “шинэ эрин үеийг нээсэн аялалууд”-ын зуун жилийн ойг тэмдэглэж байгаа билээ. Эцэж цуцалгүйгээр Тэрээр сургаалыг нийгмийн орон зай бүрт, үүнд айлын гэрт ба сүмийн чуулганаар, сүм хийд дотор ба синагогт , цэцэрлэгт хүрээлэнд ба нийтийн талбай дээр, галт тэргэн дотор ба усан онгоцон дээр, клуб ба олон нийтийн байгууллага дээр, сургууль ба их дээд сургуулиуд дээр тайлбарлан таниулж явсан юм. Үнэнийг хамгаалахдаа огтхон ч буулт хийдэггүй атлаа хязгааргүй эелдэг зөөлөн байдлаар Тэрбээр даян дэлхийн түгээмэл тэнгэрлэг зарчмуудыг эрин цагийн шаардлага хэрэгцээтэй уялдуулан холбож тайлбарладаг байжээ. Албат түшмэд, эрдэмтэн мэргэд, ажилчид, хүүхэд багачууд, эцэг эхчүүд, цөллөгдөгсөд, нийгмийн зүтгэлтнүүд, лам санваартнууд, өөнтөглөн шүүмжлэгчид гээд хэнийг ч үл ялган бүгдэд нь Тэрээр хайр, мэргэн ухаан, тайтгарал, ер нь хэрэгцээтэй бүхнийг нь хайрладаг байсан. Тэдний сэтгэл санааг нь өндөрт өргөн бадраахын сацуу ойлголт таамаглалыг нь сөрөн туршиж, ертөнцийг үзэх үзэл баримтлалыг нь зөв залан чиглүүлж, ухамсрыг нь тэлж, эрч хүчийг нь төвлөрүүлдэг байсан. Өөрийн үг яриа ба үйл хөдлөлөөрөө Тэрээр туйлын их энэрэл нигүүлсэл, өгөөмөр сэтгэл үзүүлдэг байсан нь хүмүүсийн зүрх сэтгэлийг бүрмөсөн хувьсган өөрчлөхөд хүргэж байжээ. Тэрбээр хэнийг ч өөрөөсөө түлхдэггүй байв. Зуун жилийн ойг тэмдэглэж буй энэ түүхт үед Хайрт Багшийн хосгүй түүхийг байн байн эргэн дурсах нь Түүний үнэнч бишрэн шүтэгч нарын зоригийг улам бүр бадраах болов уу хэмээн бид найдаж байна. Мэлмийнхээ өмнө Түүний үлгэр жишээг санан хадгалж өөрийн харцыг түүнд чиглүүлэгтүн. Энэ нь Төлөвлөгөөний зорилгыг биелүүлэх хүчин зүтгэлд тань зөн совингоороо дагах та нарын хөтөч болог.

Бахайн нийгэмлэгийн анхны дэлхий дахиныг хамарсан Төлөвлөгөөний эхэнд Шоги Эффенди анх “Сияах-Чал”-д асаж ноцсон тэнгэрлэг гэрэл Багдадад Бурханы сургаалын бүрхүүлэн дотор хэлбэр дүрсээ олж, Адрианопольд дараа нь Аккад улам хүчтэйгээр туяагаа цацруулахын хажуугаар Ази, Африкийн улс орнуудад тархаж, хожим нь тэнгис далай гатлан үлдсэн бусад тивүүдэд тусгалаа олж, улмаар ертөнцийн бүх улс гүрнүүд, газар нутгуудаар алхам алхмаар цацагдан түгээгдэх ар араасаа цуварсан үе шатуудын тухай туйлын тодорхой хэлээр дүрсэлсэн байдаг билээ. Энэхүү үйл явцын төгсгөлийн хэсгийг Тэрээр “тэрхүү гэрэл ... дэлхийн бөмбөрцгийн үлдсэн бүх газар нутагт нэвтрэх”, “Бурханы ялан дийлэгч Шүтлэгийн гэрэл бүхий л хүч чадал сүр жавхлангаа цацруулан гараг дэлхийг бүрмөсөн гийгүүлэн нөмрөх үе шат” хэмээн онцлон тайлбарласан юм. Хэдийгээр тэр зорилго биелэхэд хол байгаа хэдий ч уг гэрэл нь олон бүс нутагт эрч хүчтэйгээр дүрэлзэн асч байна. Зарим оронд энэ гэрэл тухайн орны кластер бүрт гэрэлтэн асч байна. Энэхүү унтаршгүй гэрэл гэгээ бадамлан ассан өлгий нутагт түүнийг унтраан бөхөөх гэсэн оролдлогод үл сөгдөн улам бүр дүрэлзэн ассаар байгаа билээ. Янз бүрийн улс үндэстнүүдэд Тэнгэрлэг Зөн билгийн Мутарын хүчээр нэг хүний зүрх сэтгэлээс нөгөө хүний зүрх сэтгэл дамжин лаанаас лаанд шилжин асахын хэрээр эл гэрэл хотын бичил хороо, хөдөөгийн тосгоныг бүхэлд нь хамарч тогтвортойгоор туяагаа цацруулж байна. Энэ нь хүмүүс хоорондын харилцааны бүхий л төвшинд явагдаж буй утга учиртай харилцан яриа бүрийг гийгүүлж байна. Мөн тухайн ард түмний сайн сайхан аж байдлыг хөхүүлэн дэмжих зорилгоор гаргаж буй үй түмэн санаачилгуудад цацрагаа тусгаж байна. Ингэхдээ аль ч тохиолдолд энэхүү гэрэл үнэнч сүсэгтэн, эрч хүчтэй нийгэмлэг, хайр ивээлт Оюун Санааны Чуулга бүрээс бадарч байгаа агаад эдгээрийн тус бүр нь түнэр харанхуйг гэтлэх зам заагч гэрлийн цамхаг лугаа адил байгаа бөлгөө.

Унтаршгүй мөнхийн дөлийг тээн яваа та нар сүсэг бишрэлийн очийг бусдад дамжуулах үйлстээ Бахауллагийн хүчит баталгаагаар хүрээлэгдэх болтугай хэмээн бид хүн бүрийн төлөө Ариун Бунханд чин сэтгэлээсээ мөргөн залбирах болно.

 

Windows / Mac