The Universal House of Justice
Ridván 2018
To the Bahá’ís of the World
Dearly loved Friends,
Адист Гоо Жавхлангийн Мэндэлсний хоёр зуун жилийн ойд зориулсан мартагдашгүй үйл явдлуудын сайхан дурсамжаар дүүрсэн сэтгэлээр та бүхэнтэй бид мэндчилж байна. Ойн байрын үеэр болон түүнээс хойш чухамдаа юу болж өнгөрсөн талаар бодож үзэхүйд, өдгөө харагдаж буй дэлхийн Бахай нийгэмлэгийн нүүр царай өнөөгийн Төлөвлөгөөний эхний зургаан мөчлөг рүү орж байсан тэр үеийнхээс огт өөр болжээ. Энэ нийгэмлэг нь өмнөө буй эрхэм зорилгоо урьд урьдаас ч илүү ухамсарлан мэдэрсэн байна. Тус нийгэмлэг нь анд нөхөд болон танил хүмүүсийг нийгэмлэгийнхээ амьдралд оролцуулах, бичил хороолол болон сум тосгодын хүн амыг нэгдмэл хүчин чармайлтанд уриалан нэгтгэх, оюун санааны үнэнүүдийг тогтвортой бодит алхам болгон хэрхэн хэрэгжүүлэх талаар бодол санаагаа илэрхийлэх, эцэст нь, юу юунаас илүү чухал нь, дэлхий ертөнцийг шинээр бүтээн босгох сургаал зарчмуудын талаар яриад тогтохгүй тэдгээрийг сургасан Нэгэн болох Бахауллагийн талаар харилцан яриа өрнүүлэх чадавхын хувьд урьд хожид байгаагүй дэвшил гаргасан байна. Бахауллагийн амьдрал болон туулж өнгөрүүлсэн зовлон зүдгүүрийн тухай олон түүхийг насанд хүрэгсэд, залуучууд, хүүхдүүд үй олон хэл дээр хүүрнэн ярьсан нь тоо томшгүй олон хүний зүрх сэтгэлийг хөнджээ. Эдний зарим нь Түүний Үйл хэргийн талаар үргэлжлүүлэн сонирхон судлахад бэлхэн байгаагаа харуулсан бол бусад нь хамтран ажиллах хүсэл эрмэлзлээ илэрхийлээд байна. Тэдний дундаас хүлээн авах мэдрэхүй өндөртэй олон олон хүн итгэл бишрэлээ илэрхийлэн тунхагласан байна .
Ахиц дэвшил гарсныг тод илтгэсэн нэгэн шинж тэмдэг бол олон газарт Шүтлэг үндэсний хэмжээнд үл мэдэгдэх байдлаас мултран гарч ирсэн явдал юм. Дэлхий ертөнцөд Бахауллагийн зөн хараа тун хэрэгтэй байгаа болохыг, Бахайчуудын гаргаж буй хүчин чармайлтыг талархан үнэлж байгаагаа, эдгээр хүчин чармайлтыг цааш нь улам өргөжүүлэн тэлэх хэрэгтэй хэмээн ил тодоор олон нийтэд илэрхийлсэн, заримдаа хувийн зүгээс аминчлан хэлсэн төр засгийн удирдагчид болон нийгмийн тэргүүн сэтгэгч нар байсан. Бахауллад хүндэтгэл үзүүлж, Түүний амьдралыг өргөмжлөн тэмдэглэхийг зөвхөн Бахайчууд хүсээгүй харин Бахайн нийгэмлэгээс бусад хүрээнд ч тусгай уулзалт цуглааныг зохион явуулж байсныг хараад бидэнд тун таатай байсан юм. Шүтлэгт хатуу ширүүн дайсагнал үзүүлж байгаа газар нутгуудад ч анд нөхөд сэтгэлээр унаагүй, гайхалтай нугаршгүй хатуужил үзүүлэхийн сацуу өөрсдийн биеэр үнэнийг эрэлхийлэн судлахыг эх орон нэгтнүүдээ уриалсны үр дүнд тэдний олон нь ойн баяр наадамд баяр хөөр дүүрэн оролцжээ. Хоёр зуун жилийн ой нь анд нөхдийн хайрын булгийн ундралын сүрлэг гайхамшигтай гэрчлэл болсон урлаг соёлын бүтээлүүд хязгааргүй ихээр оргилон цэцэглэх нөхцлийг мөн бүрдүүлж өгсөн юм. Энэ үйл явдлыг тойрон Бахайн нийгэмлэгийн гаргасан хүчин зүтгэлийн арга барилын шинж чанар нь бүхэлдээ чухамдаа дэлхий нийтийг хамарсан өнөөгийн цуврал Төлөвлөгөөнүүд эхэлснээс хойших хорь гаруй жилийн хугацаанд хэчнээн ихийг хийж суралцсан болохыг батлан харууллаа. Сүсэгтэн хувь хүн санаачилгыг гартаа авч, нийгэмлэг нь хамтын хүчин чармайлтаар дайчлагдан зориглон боссон бөгөөд анд нөхөд институц байгууллагуудынхаа гаргасан төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд өөрсдийн бүтээлч эрч хүчээ чиглүүлсэн билээ. Хоёр зуун жил өнгөрснийг тэмдэглэх онцгой ойн баяр нь ирэх зуунд нийгэмлэгийг бүтээн босгох ажилд ийнхүү хүчирхэг түлхэц өглөө. Хоёр зуун жилийн хоёрдугаар ойн баяр луу хөтлөх үлдсэн хугацаанд эхний ойн үеэр өчнөөн их хайраар суулгасан үр бүрийг үр жимсээ өгдөг болтол нь тэвчээртэйгээр халамжлан тордох болтугай.
Одоогийн Төлөвлөгөө эхлээд хоёр жил улиран одсон энэ хугацаанд хэдийгээр хөгжил дэвшил жам ёсоор нэг улс орноос нөгөө улс оронд харилцан адилгүй байгаа ч дэлхий дээрх нийт өсөлтийн эрчимтэй хөтөлбөрийн тоо өнөөгийн дэлхий дахиныг хамарсан үйл хөдөлгөөний явцад хүрэхийг зорьж байгаа таван мянга хэмээх зорилтын тал руу дөхөж яваа бөгөөд энэ тооны нэмэгдэж буй хурд нь ямагт тогтвортой өссөөр ирлээ. Илүү анхааралтай ажиглавал, сүсэгтэн хувь хүмүүс, нийгэмлэг, байгууллагын чадал чансаа ба нөөц чадавхууд нь илрэн гарч буй өөдрөг шинж тэмдгүүд харагдаж байна. Хоёр зуун жилийн ойг тэмдэглэсэн туршлага нь хаа сайгүй амьдарч буй сүсэгтнүүдэд эргэн тойрныхоо хүмүүстэй харилцах өдөр тутмын харилцаанд сургаалыг багшлах үзэл санааг хэрхэн шингээж болохыг бодитоор харуулсан юм. Мянга мянган сум тосгод болон хотын бичил хорооллуудад өрнөж буй ажил эрч хурдцаа авахын хэрээр тэдний нэг бүрд нийгэмлэгийн эрч хүчтэй цоглог амьдралын үндэс суурь тавигдаж байна. Үйл ажиллагааны энэхүү хэв загварыг улам улам олон нутаг байршилд өргөжүүлэн нэвтрүүлэх систем улам бэхжиж, тэгснээрээ хөгжлийн тасралтгүй зам дахь гуравдугаар зааг шавгыг өнгөрөх боломжийг анд нөхдөд олгож буй кластерын тоо мэдэгдэхүйцээр ахив. Чухамхүү энд л, Бахай ертөнцийн суралцах үйл явцын тэргүүн эгнээнд, үнэхээр Бахауллагийн зөн хараа тийш чиглэх хүн амын хөдөлгөөнийг өрнүүлэх явцад л Бахайн үйл ажиллагааны улам өргөжин буй урин заллагад үй олон хүн ирэн нэгдээд зогсохгүй, анд нөхөд өдгөө томоохон бүлэг бүлэг хүмүүс өөрсдийгөө Агуу Их Алдарын нийгэмлэгийн нэг хэсэг хэмээн үздэг болох талаар суралцаж байгаа билээ. Хүүхэд багачууд жилээс жилд хүүхдийн хичээлийн нэг төвшнөөс дараагийн төвшинд төвөггүйгээр дэвшин суралцаж, өсвөр насныхныг оюун санааны хувьд чадавхжуулах хөтөлбөрийн нэг төвшин дараагийн төвшинд найдвартайгаар шилжиж байгаа тэдгээр газруудад Шүтлэгийн боловсролын үйл ажиллагаа илүү албан ёсны шинж чанартай болж ирж байгааг бид ажиглаж байна. Эдгээр газруудад сургалтын институт тооны хувьд улам улам өсөн нэмэгдэж буй хүүхэд, өсвөр насныханд оюун санааны болоод ёс суртахууны гэгээрэл олгох хүний нөөцийг хангалттай хэмжээгээр бэлтгэн гаргах талаар суралцаж байна. Эдгээр суурь үйл ажиллагаануудад оролцох оролцоо нь тухайн хүн амын амьдралын соёл хэвшилд гүнзгий шингэж, улмаар тухайн нутгийн ард иргэдийн хамтын амьдралын салшгүй нэгэн хэсэг хэмээн тооцогдох болсон байна. Өөрсдийн хөгжил цэцэглэлтээ гартаа авсан хүн ардын дунд шинэ эрч хүч ундран гарч, улмаар идэвхгүй байдлыг өдөөн өөгшүүлж байдаг нийгмийн хүчнүүдийн эсрэг дархлааг суулгаж байна. Материаллаг болон оюун санааны хөгжил дэвшил гарах боломж нөхцөл бүрдэж байна. Нийгмийн бодит байдал хувьсан өөрчлөгдөж эхэлж байна.
Энхрий хайрт анд нөхөд өө, Хамгаас Хайртдаа талархал өргөх цаг мөч яг одоо тохиож байна. Урам зоригоор дүүрэх асар олон шалтгаан бий. Гэхдээ хийж бүтээх ажил нүсэр их байгааг бид үнэндээ ойлгож байгаа. Өмнө дурдсанчлан, үндсэндээ, эргэн тойронд нь буй бусад анд нөхдийн хамтаар өсөлтийг хөхиүлэн дэмжих ба чадавх хөгжүүлэхэд анхаарал эрч хүчээ тууштай төвлөрүүлсэн, мөн үйл ажиллагаан дээрээ эргэцүүлэл хийж туршлагаасаа суралцах чадвар ба сахилга батаар онцгойрон ялгарсан тийм анд нөхдийн байнга хүрээгээ тэлж байгаа бүлэг олон олон кластерт төрөн гарах ёстой. Байнга өргөжин тэлж буй ийм цөм багийг зөвхөн кластерын төвшинд төдийгүй хотын бичил хороолол ба хөдөөгийн тосгоны хүрээнд өсгөн хөгжүүлж, дагалдан халамжлах нь агуу том даалгавар төдийгүй тун эгзэгтэй чухал шаардлага хэрэгцээ мөн. Ийм хүчин чармайлт гаргаж чадсан газруудад үр дүн нүдэн дээр илт байгаа билээ.
Шүтлэгийн институцууд энэхүү эрхэм дээд хэрэгцээ шаардлагыг бодол санааныхаа нэн тэргүүнд тавьж, өсөлт хөгжлөөс үүдэн гарч буй сургамж туршлагыг өргөн хүрээнд хэрэгжүүлэх үр дүнтэй механизмыг бий болгож байгааг харахад сэтгэл таатай байна. Үүний зэрэгцээ туршлага зузаарах тусам үндэсний, бүсийн, орон нутгийн байгууллагуудын зөн хараа улам бүр өргөн уудам болж байна. Нийгэмлэгийн хөгжлийн бүхий л салбарт институц байгууллага нь оролцож, зөвхөн албан ёсны гишүүнчлэлийн хүрээнд баригдалгүй нийт хүн ардын сайн сайхан байдалд санаа тавих болсон байна. Сургалтын институтын хөхиүлж буй үйл явц нь хүн амын урагшлан дэвжих хөгжилд юутай гүн гүнзгий ач холбогдолтой болохыг ухаарсан тэд сургалтын институтыг хүчирхэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна. Төлөвлөгөөний шаардлага хэрэгцээн дээр нийгэмлэгийн анхаарлыг байнга төвлөрүүлж байхын чухлыг огт умарталгүйгээр байнга өргөжин тэлэх анд нөхдийнхөө хүрээг эв нэгдлийн улам өндөр төвшинд хүргэхийг уриалан байна. Өргөжүүлэлт бэхжүүлэлтийн ажлыг зохих ёсоор дэмжихийн тулд институц байгууллага нь засаг захиргааны болон санхүүгийн системээ сайжруулан төгөлдөржүүлэх үүрэг хариуцлагаа үнэнчээр биелүүлж байна. Энэ бүхнийг биелүүлснээр институц байгууллага нь эцсийн дүнд оюун санааны асар их хүчийг чөлөөлөх нөхцлийг бүрдүүлэн хөгжүүлэхэд л өөрсдийн эрч хүчийг зориулж байгаа билээ.
Нийгэмлэг цогцлон бүтээн босгох ажил эрчимжихийн хэрээр анд нөхөд сурч эзэмшсэн шинэ чадвар чадавхаа ойр орчныхоо нийгмийн нөхцөл байдлыг сайжруулахад ашиглаж байгаа бөгөөд тэнгэрлэг сургаалыг судалснаар тэдний урам зориг улам бадарч байна. Богино хугацааны төслийн тоо огцом өссөн агаад албан ёсны хөтөлбөрүүдийн хамрах хүрээ тэлж, эдүгээ Бахайн зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг хөгжлийн олон байгууллага боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй болон бусад салбарт эрч хүчээ дайчилж байна. Үүний үрээр хувь хүний болон хамт олны амьдралд гарч буй хувьсал өөрчлөлтөөс Бахауллагийн Үйл Хэргийн нийгмийг бүтээгч хүчний тод илрэлийг харж байна. Тиймээс, энгийн юмуу нарийн боловсронгуй шинж чанартай, богино эсвэл урт хугацааны байгаагаас үл хамааран нийгмийг хөгжүүлэхэд чиглэсэн ийм санаачлагуудын жишээнээс нийгмийн хүрээнд болж буй түгээмэл яриа хэлэлцүүлэгт оролцох хүчин зүтгэлдээ Олон Улсын Бахайн Нийгэмлэгийн Оффисууд онгод урам авч байгаад гайхах юмгүй билээ. Чухамдаа энэ бол амжилттай хөгжиж буй Шүтлэгийн томоохон бас нэгэн чухал салбар билээ. Эрэгтэй эмэгтэйчүүдийн тэгш эрх, шилжилт нүүдэл ба нийгмийн нэгдэл, нийгмийн хувьсал өөрчлөлтөд оруулах залуучуудын үүрэг, шашнууд эвсэгээр зэрэгцэн орших явдал гэх мэт үндэсний хэмжээнд явагдаж буй тухайн нийгмийн хувьд чухал ач холбогдол бүхий утга учиртай хэлэлцүүлэгт улам бүр итгэлтэй, чадварлаг, оновчтой нухацтай байдлаар хувь нэмрээ оруулж байна. Хаана ажиллаж, амьдарч, суралцаж байгаагаас үл хамааран бүхий л насны янз бүрийн гарал үүсэлтэй сүсэгтнүүд тодорхой сэдвийн хэлэлцүүлгүүдэд үнэ цэнэтэй хувь нэмрээ оруулж, ойр орчныхоо хүмүүсийн анхаарлыг Бахауллагийн хязгааргүй уудам Үүдэл Нээлтэн дээр үндэслэсэн зарчимч үзэл баримтлалд татаж байна.
Дэлхийн интернетийн орчин дахь Шүтлэгийн албан ёсны толилуулга бий болж, “bahai.org”-той холбоотой интернет сайтуудын гэр бүл улам өргөжин боловсронгуй болсны ачаар нийгмийн хэлэлцүүлэг өрнөж буй янз бүрийн орон зай дахь Шүтлэгийн нэр хүнд улам өндөрсөж байгаа юм. Энэ нь Шүтлэгийг түгээн дэлгэрүүлэхэд ч, хамгаалахад ч бас адил хэмжээлшгүй их үнэ цэнэтэй юм. Хоёр зуун жилийн ойд зориулсан интернет сайтад байрлуулж, нэгэн зэрэг есөн хэл дээр байнга шинэчлэгдэж байсан Шүтлэгийн тухай сайтар нухацтай боловсруулсан агуулга бүхий материал нь хэдхэн хоногийн дотор дэлхийг хамарсан асар олон хүмүүсийн анхаарлыг татаж чадсан бөгөөд энэхүү сайтыг саяхан хоёр зуун жилийн ойг маш олон янзын орчинд тэмдэглэснийг харуулсан улс орныг төлөөлсөн хуудсуудаар баяжуулсан юм. “Bahá’í Reference Library” (Бахайн Лавлах Номын сан) хэмээх интернет дэх сайтад Ариун Сургаал бичвэрийн урд өмнө нь орчуулагдаагүй, нийтлэгдээгүй байсан шад ишлэлүүд болон Илгээлт бичгүүдийг аажмаар олны хүртээл болгох хэрэгслийг багтааж оруулах төлөвлөгөө нэлээд дорвитой урагшлан хэрэгжиж байна. Үүний сацуу ирэх жилүүдэд Бахаулла болон Абдул-Бахагийн Сургаал бичвэрээс шинээр англи дээр орчуулсан шинэ шинэ ботиуд гарах төлөвлөгөөтэй байна.
Чили улсын Сантьяго болон Камбож улсын Баттамбанг хотноо дэлхий дээр хамгийн сүүлд баригдсан Мөргөлийн Ордонууд хүмүүсийн анхаарал сонирхлыг ихээхэн татах нийтэд танигдсан төвүүд болж, тухайн нийгэмд Шүтлэгийн сургаал, итгэл үнэмшлийн мөн чанарыг илтгэн харуулсан гэрэлт цамхаг болон төлөвшиж байна. Мөргөлийн Ордоны эгнээ мөн удахгүй өргөжих гэж байна. Бид Колумб улсын Норте Дел Каука дах Мөргөлийн Ордонг нээх ёслол ирэх долдугаар сард болохыг зарлахдаа баяртай байна. Мөн өөр хэд хэдэн Мөргөлийн Ордонг барих ажил ч холгүй байна. Вануатуд барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг авах үйл явц өрнөж байгаа бол Энэтхэг болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад маш нарийн түвэгтэй, хүнд хэцүү үйл явцын үр дүнд газраа амжилттай аваад байгаа юм. Наврузын үеэр Папуа Шинэ Гвинейд баригдах анхны үндэсний Машрикул Аскарын зураг дизайныг нийтэд нээж харуулсан баяр хөөр намжиж амжаагүй байхад Кени улсад баригдах орон нутгийн Мөргөлийн Ордоны зураг дизайн мөн дэлгэгдсэн билээ. Энэ зуур, манай Судалгааны Хэлтсээс саяхан гаргасан Машрикул-Аскарын институцын талаарх мэдэгдэл ба түүвэр нь анд нөхдийн дунд нийгэмлэгийн амьдралд мөргөл сүсэглэлийн гүйцэтгэх үүргийг талархан үнэлэх явдлыг улам хөгжүүлэх болов уу хэмээн итгэн найдаж байна. Учир нь, үйлчилгээний үйлийг хийснээр, ялангуяа тогтмол мөргөлийн цуглаан явуулснаар хаа газрын Бахайчууд ирээдүйн Мөргөлийн Ордоны оюун санааны суурийг тавьж байгаа билээ.
Хороо хороогоор нэгдэн орох үйл явцыг дорвитойгоор урагшлуулах гэсэн ганц зорилго дээр төвлөрсөн 1996 онд эхэлсэн 25 жилийн төлөвлөгөө дуусахад гурван жилийн хугацаа л үлджээ. 2021 оны Ризванаар Бахауллагийн дагалдагч нар нэг жилийн хугацаатай Төлөвлөгөөг эхлүүлнэ. Богино хэдий ч гайхамшгийг хэвлийдээ тээсэн уг нэг жилийн хүчин зүтгэлээр Шүтлэгийн хөлгийг Бахайн Эриний гуравдугаар зуун руу оруулах учиртай Төлөвлөгөөнүүдийн шинэ давалгаа эхэлнэ. Ерөөл билигтэй энэхүү арван хоёр сарын хугацаанд Бахайн ертөнцийн тэмдэглэх Абдул-Бахагийн Тэнгэрт хальсны зуун жилийн ойг тэмдэглэх хүрээнд Бахайн Дэлхийн Төв дээр тусгай цугларалт явагдах бөгөөд түүнд Үндэсний Оюун Санааны Чуулга бүрээс, Бүсийн Бахайн Зөвлөл бүрээс төлөөлөл урьж оролцуулах болно. Энэ нь гэхдээ сүсэгтэн анд нөхдийг ирэх олон арван жилүүдийн хэрэгцээ шаардлагад бэлдэх учиртай цуврал үйл ажиллагаануудын эхнийх нь л байх юм. Дараагийнх нь нэгдүгээр сард тохиох Хайрт Багшийн “Хүсэл зориг ба Гэрээслэл”-ийг олон нийтэд анх удаа уншиж танилцуулснаас хойш нэг зуун жил болж буйг тохиолдуулан Ариун Газарт Тивийн Зөвлөхүүдийн Коллегиуд, мөн Хамгаалалт болон Түгээн дэлгэрүүлэлт хариуцсан бүх Туслах Зөвлөлийн Гишүүдийг оролцуулсан зөвлөгөөн явагдах болно. Эл хоёр түүхэн цугларалтаас үүдэн гарах оюун санааны эрч хүчийг газар нутаг бүрд оршин суугаа Бурханы бүх анд нөхдөд дамжуулан хүргэх учиртай юм. Ийм зорилгоор дараагийнх нь саруудад цуврал зөвлөгөөнүүдийг дэлхий даяар явуулах ба тэдгээр нь уг Нэг Жилийн Төлөвлөгөөг залган авах учиртай хэдэн жилийн төлөвлөгөөний хурдасгуур болох буй заа.
Ийнхүү Хайрт Багшийн Тэнгэрлэг Төлөвлөгөөний хэрэгжилтийн шинэ үе шат ойртон айсуй. Гэвч сэтгэл догдлом, ойрын нэгэн үйл явдал бидний өмнө тулан ирж байна. Бабын Мэндэлсний хоёр зуун жилийн ой болоход нэг жил хагасын зай үлджээ. Энэ бол засаглалынх нь дуу шуугиант үе түүхийн шинэ эрин рүү хүн төрөлхтнийг түлхэн оруулсан манай Шүтлэгийн Баатарлаг Зарчийн гайхалтай онцгой баатар зоригийг эргэн дурсах хугацаа юм. Бидний энэ цаг үеэс даруй хоёр зуун жилээр тусгаарлагдаж буй хэдий ч Бабын залран ирсэн нийгэм нь ард олны амсаж буй дарлал дарамт, өчнөөн олон хүн үнэнийг мэдэх гэсэн зүрх сэтгэлийн цангаагаа тайлах хариултыг эрэн хайж байгаагаар өнөөгийн нийгэмтэй төстэй байжээ. Энэхүү хоёр зуун жилийн ойг хэрхэн зохих хэмжээнд тэмдэглэх талаар бодож үзэхдээ бид эдгээр баяр наадам нь өөрийн гэсэн онцгой шинж чанартай байх учиртайг ойлгож байна. Гэсэн хэдий ч, ундран гарах үйл ажиллагаанууд нь саяхан өнгөрсөн хоёр зуун жилийн үеэр явагдсан үйл ажиллагаануудтай харьцуулахад баялаг байдлаараа яав ч бага бус, хүмүүсийг оролцуулах байдлаараа яав ч бага бус байна хэмээн итгэн хүлээж байна. Энэ бол нийгэмлэг бүр, айл өрх бүр, зүрх сэтгэл бүр чин сэтгэлээсээ хүсэмжлэн хүлээх үйл явдал байх нь гарцаагүй билээ.
Ирэх сарууд нь, Үйл хэргийн түүхэн товчоог өөрсдийн өөр юутай ч үл дүйцэх, золиослонгуй үйлсээрээ итгэл бишрэлээ илэрхийлсэн Бабын чин зоригтой дагалдагч эрэгтэй эмэгтэй баатруудын амьдралыг бодол санаандаа дурсан санаж байх цаг үе юм. Тэдний аймшиггүй эрэлхэг, өөрийгөө бүрнээ зориулсан, Бурханаас бусад бүхнээс ангижирсан байдал нь адал явдлаар арвин түүхийг судалж буй хүн бүрийг гайхшруулдаг билээ. Тэдгээр эрэлхэг зоригтнуудаас өчнөөн олон нь түүхэнд арилшгүй ул мөрөө үлдээхдээ бага залуу байсан нь мөн хэчнээн гайхалтай. Ирэх цаг хугацаанд тэдний үлгэр жишээ нь, өөр юу ч бус гагцхүү дэлхий ертөнцийг хувьсган өөрчлөхөд зорьсон хөдөлгөөний тэргүүн эгнээнд дахин дуудагдсан залуучуудаар тогтохгүй, үнэнч сүсэгтнүүдийн нийт бүрэлдэхүүнд эр зоригийг хайрлах болтугай.
Тиймээс энэ бол бидний гэгээн итгэл найдвар. Энэ Ризванаас дараагийн хоёр зуун жилийн ой хүртэлх зургаан мөчлөгийн хугацаанд, цаашлаад өнөөгийн Төлөвлөгөөний үлдсэн гурван жилийн хугацаанд, тэнгэрлэг гэрэл туяаг түгээн тархаахын төлөө Бабын дагалдагчдын бүхнийг ивээсэн, бүхнээс давсан тэрхүү хайр та бүхнийг ч улам улам агуу ажил үйлст хөтлөг. Хурмаст тэнгэрийн тусламжийг хүлээн авах болтугай хэмээн Ариун Босгоны өмнө бид та бүхний төлөө мөргөн залбирах болно.
- The Universal House of Justice