Return   Facebook

The Universal House of Justice

Ridván 2008

To the Bahá’ís of the World

Dearly loved Friends,

Бүхий л хүн төрөлхтний төрөл зүс бүрийг төлөөлсөн хүмүүс мянга мянгаараа Бүтээлч Үгийг бодлогошрол төрүүлсэн хирнээ сэтгэлийг баясган бадраасан орчинд системтэйгээр судлахад оролцож байна. Тэд ийнхүү олж авсан ойлголт мэдлэгээ үйл ажиллагаа-эргэцүүлэл-зөвлөлдөөний үйл явцаар дамжуулан амьдралд хэрэгжүүлэхийн төлөө хичээн чармайх тутам Бурханы Үйл хэрэгт үйлчлэх өөрсдийнх нь чадавхи шинэ шинэ төвшинд гарч байгааг анзааран харж байна. Бүтээгч Бурхантайгаа харилцахыг хүссэн хүн бүрийн дотоод сэтгэлийн чин тэмүүлэлд хариу барьж тэд янз бүрийн нөхцөл байдалтай орчинд хамтдаа мөргөн сүсэглэх үйл ажиллагааг зохион явуулж, улмаар бусадтай мөргөл залбиралд нэгдэж, оюун санааны мэдрэхүйг сэрээж, сүсэглэнгүй бишрэнгүй шинж чанараараа онцгойрсон амьдралын хэв маягийг буй болгож байна. Бие биенийхээ гэр орноор зочилж, мөн төрөл төрөгсөд, анд найз нар, танилууд дээрээ айлчлан очихдоо тэд оюун санааны хувьд чухал ач холбогдолтой сэдвээр зорилготой хэлэлцүүлэг өрнүүлж, Шүтлэгийн тухай мэдлэгээ гүнзгийрүүлж, Бахауллагийн сургаалыг хуваалцаж, улам олон тооны хүмүүсийг оюун санааны хүчирхэг аянт хөдөлгөөнд өөрсөдтэй нь нэгдэн нийлэхийг урин залж байна. Ертөнцийн хүүхдүүдийн хүсэл тэмүүллийг мэдэрч, тэдэнд оюун санааны боловсрол шаардлагатай байгааг ухаарсан тэд хүүхэд багачуудын анхаарал сонирхлыг татах төвүүд болсон хичээлүүдэд оролцогчдын эгнээг тасралтгүй тэлж, улмаар нийгэм дэх Шүтлэгийн үндсийг бэхжүүлэхэд өөрсдийн хүчин зүтгэлийг улам өргөн цар хүрээтэйгээр дайчилж байна. Тэд өсвөр насны залуучуудад амьдралынхаа эгзэгтэй үе шатыг чадварлагаар жолоодон даван туулж, өөрсдийн эрч хүчийг соёл иргэншлийг урагшлуулахын төлөө чиглүүлэхэд нь тусалж байна. Түүнчлэн хүний нөөц арвижин өсөхийн хэрээр тэдгээрийн дотроос хүн төрөлхтний оюун санааны төдийгүй материаллаг амьдралын шаардлага хэрэгцээг шийдвэрлэхэд чиглэгдсэн олон төрлийн хүчин чармайлтаар дамжуулан өөрсдийн итгэл бишрэлийг илэрхийлэх болсон анд нөхдийн тоо нэмэгдсээр байна. Ийнүү эл Ризванаар харцаа төвлөрүүлэн дэлхий дахины Бахайн нийгэмлэгийн хөгжил дэвшлийг ажиглахуйд бидний өмнө дурайж буй дүр зураг энэ болой.

Хэд хэдэн тохиолдолд бид Шүтлэгийн Бүрэлдэн Тогтох Эрин үеийн зуун жилийн ойг 2021 онд тэмдэглэх хүртэл Бахайн ертөнцийг хөгжүүлэх дэлхийг хамарсан цуврал Төлөвлөгөөний зорилго нь сүсэгтэн хувь хүн, институци ба нийгэмлэгийн үйл ажиллагаа, өсөлт хөгжилд гарах дорвитой ахиц дэвшлийн үр дүнд биелэгдэнэ хэмээн тэмдэглэсэн билээ. Тууштай тогтвортой бөгөөд төвлөрсөн хүчин чармайлт гаргах хорин таван жилийн үйл хөдөлгөөний замын хагаст ирээд бид чадавхи нэмэгдсэний шинж тэмдэг хаа сайгүй илэрхий байгааг харж байна. Ялангуяа Төлөвлөгөөний гурван оролцогчийн хоорондын харилцааны үр дүнд үүсэн ундарч буй эрч хүчийн нөлөөлөл улам өргөжин тэлж байгаа нь онцгой ач холбогдолтой юм. Үндэсний төвшнөөс орон нутгийн төвшин хүртэл институциуд тооны хувьд өсөн нэмэгдэж буй сүсэгтнүүдэд нэгдмэл нэг зорилгын төлөө оюун санааныхаа эрч хүчийг нэгтгэн илэрхийлэхэд нь тусалсан аятай нөхцөл байдлыг хэрхэн буй болгохыг илүү гярхай хардаг болжээ. Хувь хүний хүчин зүтгэл ба хамтын үйл ажиллагаа нь хөгжил дэвшилд хүрэхийн тулд сургалтын институтын өдөөлтөөр бие биеэ нөхөн гүйцээхэд нийгэмлэг нь таатай орчин болох явдал улам нэмэгдэж байна. Зорилгоор нэгдэх эв нэгдэл нь нийгэмлэгийн үйл ажиллагааг амьдруулж, улмаар нийгэмлэгийн илэрхийлэн харуулж буй амьд эрч хүч нь түүний байнга өргөжин тэлж буй эгнээнд, өөрсдийн цаг хугацаа хүч энергийг хүн төрөлхтний сайн сайхны төлөө зориулах сэтгэлтэй янз бүрийн ажил мэргэжил, анги давхаргын хүмүүсийг татаж байна. Хүлээн авах чадвартай ямар ч хүн түүний хүрээнд нэвтрэн орж Бахауллагийн Үүдэл нээлтийн тэтгэлгийг хүртэн авахад нийгэмлэгийн үүд хаалга илүү өргөн нээлттэй болсон нь тодорхой байгаа билээ. Төлөвлөгөөний гурван оролцогчийн хоорондын харилцан нөлөөлөл үр дүнтэй байгаагийн хамгийн тод нотолгоо нь өнгөрсөн жил бидний гэрчлэн харсан сургаалыг багшлах үйл ажиллагааны эрч хурдац эрс түргэссэн явдал билээ. Хороо хороогоор нэгдэн орох үйл явцыг урагшлуулахад гаргасан ололт амжилт үнэнхүү дорвитой байж чадлаа.

Энэхүү бэхжсэн харилцаа хамтын ажиллагааны хүрээнд хувь хүний санаачилга бүр ч их үр дүнтэй болж иржээ. Өмнөх захидлууддаа бид институтын үйл явц нь сүсэгтэн хувь хүн өөрийн санаачилгыг гаргахад түлхэц үзүүлж байгаа талаар дурдсан билээ. Тив бүрт анд нөхөд сургаалыг ашиглан Шүтлэгийн өсөлтийг хэрхэн бий болгох талаар суралцах тодорхой зорилгоор Сургаал бичмэлийг судлах явцад оролцож байна. Гайхалтай олон тооны анд нөхөд эдүгээ өөрсдийн нийгэмлэгийн оюун санааны эрч хүчийг тэтгэх үүрэг хариуцлагыг нуруун дээрээ үүрч байна. Тэд туйлын идэвх зүтгэлтэйгээр өсөлтийн эрүүл саруул хэв загварыг буй болгоход тохирсон үйлчилгээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Даруу төлөв байдлаар суралцах байр сууриа хадгалсан хэвээр Үйл хэрэгт үйлчлэх талбарт туйлбартайгаар тасралтгүй хөдөлмөрлөх явцад нь тэдний эр зориг ба мэргэн ухаалаг байдал, оргилуун тэмүүлэл ба гярхай мэдрэмжтэй байдал, ааг омог ба няхуур болгоомжтой байдал, итгэлтэй шийдэмгий байдал ба Бурханд итгэн найдах явдал нь бүгд хоорондоо хосолж, бие биенээ улам харилцан эрчимжүүлэн хурцалж байна. Бахауллагийн илгээлт болоод түүний үндсэн зарчмуудыг толилуулан танилцуулахдаа тэд “эргэлзэн тээнэгэлзэлгүй” ч мөн “дөлж шарвалгүй”, илэрхийлж буй үнэнээ “хэтрүүлэн тулгахгүй” ч мөн буулт хийн түүнээс “ухрахгүй” байх ёстой хэмээсэн Шоги Эффендигийн үгсийг зүрх сэтгэлдээ гүн гүнзгий тусган хүлээж авчээ. Түүнчлэн тэд “фанатик” ч биш, “хэтэрхий либерал” ч хандлагатай биш ажээ. Тууштай тасралтгүйгээр сургаалыг багшлах замаар тэд сонсогчийнхоо хүлээн авах чадварыг мэдэрч, түүнийх нь дагуу ашиглаж байгаа арга барилдаа “болгоомжтой” эсвэл “шулуухан” байх, “түргэн хөдлөх” эсвэл “аажмаар хийх”, “шууд” эсвэл “шууд бус байх” эсэхээ тодорхойлон шийдэх чадвараа нэмэгдүүлсэн байна.

Хувь хүний санаачилга юутай дэг журамтай байгаа нь бидэнд урам зориг хайрласан хэвээр байна. Хаа сайгүй нийгэмлэгүүд системчлэлийн үйл явцаас олж авсан сургамжуудыг аажмаар өөрийн болгон хэвшүүлж байгаа агаад одоогийн цуврал Төлөвлөгөөгөөр тодорхойлсон үйл ажиллагааны загвар хүрээ нь анд нөхдийн хүчин чармайлтыг тууштай тогтвортой бөгөөд уян хатан чанартай болгож байгаа билээ. Энэхүү загвар хүрээ нь тэдний үйл ажиллагааг үл хязгаарлан харин ч боломж бололцоог ашиглах, харилцаа холбоог буй болгох, системтэй өсөлтийн зөн харааг бодит амьдралд хэрэгжүүлэхэд нь чиглэл өгч байна. Нэг үгээр хэлбэл, үйл ажиллагааны энэ хүрээ нь тэдний хамтын хүч чадалд бүтэц хэлбэр оруулж байгаа юм.

Дэлхий даяар гарсан ололт амжилтыг ийнхүү тоймлохын сацуу бидний зүрх сэтгэл Иранд байгаа сүсэгтнүүдээ онцгой ихээр хайрлан бишрэх сэтгэлээр дүүрэн байна. Тэд хэдийгээр туйлын хүнд хэцүү нөхцөл байдалд байгаа бөгөөд тэдэнд нээлттэй байгаа боломж бололцоо хэдий хязгаарлагдмал ч, тэд өөрийн эх орны тусын тулд үйлчлэхээр зоригтойгоор эгцлэн босч, эрч хүчээ улс орноо сэргээн амьдруулахын төлөө зориулж байна. Шүтлэгийн засаг захиргааны ажил хэргээ явуулах эрх хязгаарлалттай байдаг хэдий ч хувиараа тэд эх орон нэгт хүмүүстээ Бахауллагийн сургаалыг танилцуулж, Түүний анагаагч илгээлтийн талаар шууд ярилцах яриаг өрнүүлж байна. Ийнхүү ажиллаж эхлэнгүүтээ тэд сэхээтэн хүмүүсийн зүгээс урьд өмнө нь байгаагүй их дэмжлэг аваад зогсоогүй хэзээ ч төсөөлж байгаагүй тийм их хүлээн авах чадвартай тулгарсан байна.

Нийгэмд үйлчилж буй нэгдэл нягтрал ба задрал бутралын үйл явцын хүчнүүдийн талаар мэдэж байгаа Бахауллагийн дагалдагч бүр гариг дэлхийн бүхий л өнцөг булан бүрт Шүтлэгийг хүлээн авах чадвар улам өсч байгаа болон ертөнцийн тогтолцоонууд нурж байгаагийн хооронд уялдаа холбоо байгааг ойлгож байгаа билээ. Хүн төрөлхтний зовлон шаналал гүнзгийрэх тутам хүмүүсийн хүлээн авах чадвар нэмэгдэнэ гэдэг нь тодорхой билээ. Нэгэн зүйлд бүү эндүүрэгтүн: Өсч буй хүлээн авах чадварт хариу өгөхийн тулд эхэлсэн чадавхи хөгжүүлэх үйл явц нь дөнгөж эхэн үе шатандаа явна. Үймрэн самуурсан дэлхий ертөнцийн асар өргөн эрэлт хэрэгцээ нь ирэх жилүүдэд энэхүү чадавхийг чинээнд нь тултал сорин турших болно. Хүн төрөлхтөн шашны атгаг сэжиг үзлийн гүнээс урган гарсан эсвэл жолоо залуургүй материализмын үр дагавар болсон дарангуйллын хүчнүүдийн дор нухлагдан тарчилж байна. Бахайчууд энэхүү зовлонгийн уг шалтгааныг анзааран харж чадах билээ. “Үнэнийг эрэлхийлэн хайж, Бурханы тухай мэдлэгт хүрэх гэж хүсэн тэмүүлж буй тэр хүмүүн хайж байгаа зүйлээ хаанаас олох, хэнээс эрэхээ мэдэхгүй байхаас илүү аймшигтай “дарангуйлал” байгаа гэж үү?” хэмээн Бахаулла асуусан билээ. Алдах цаг хугацаа үгүй. Төлөвлөгөөний гурван оролцогчийн үйл ажиллагаа ба хөгжилд цаашид улам их дэвшил гарах ёстой.

Абдул-Баха “хүн төрөлхтний аз жаргалын оргил”-оос сонстох “амжилт ба хөгжил цэцэглэлт”-энд урин дуудсан “хоёр дуудлага”-ыг магтан мандуулсан байдаг билээ. Нэг дэх нь “соёл иргэншлийн” дуудлага, “материаллаг ертөнцийн хөгжил дэвшил” юм. Үүнд “хууль”, “журам”, “шинжлэх ухаан, урлаг соёл” орох бөгөөд эдгээрээр дамжин хүн төрөлхтөн хөгжинө. Нөгөө дэх дуудлага нь “сэтгэлийг хөндсөн Бурханы дуудлага” бөгөөд чухамдаа үүнээс хүн төрөлхтний мөнхийн аз жаргал шалтгаалах болой. “Хоёр дахь дуудлага нь” “Эзэн тэнгэрийн удирдамж, айлдвар, ёс суртахууны ертөнцөд харъяалагдах уриалга зөвлөгөө, буяны хүсэл тэмүүлэл дээр тулгуурлах бөгөөд эдгээр нь гэрэл туяа цацруулсан гэрэл мэтээр хүн төрөлхтний бодит байдлын дэнлүүг гэрэлтүүлэн асаадаг болой. Түүний нэвтлэгч хүч чадал болбоос Бурханы Үг юм” гэж Абдул-Баха тайлбарлажээ. Өөр өөрсдийн кластерт үргэлжлүүлэн хөдөлмөрлөх явцад та бүхэн өөрсдийгөө хүрээлж буй нийгмийн амьдрал руу улам улам гүнзгий нэвтрэн орж эхлэх бөгөөд өөрсдийн оролцож буй суралцахуйн системтэй үйл явцынхаа цар хүрээг тэлж хүний амьдралын үйл ажиллагааны улам олон талбар чиглэлийг хамрах гэсэн сорилттой тулгарах болно. Өөрсдийн баримтлах аргачлал, сонгож авах арга барил, ашиглах арга хэрэгсэлдээ та бүхэн эдүгээ хэрэгжиж буй өсөлтийн хэв загварын шинж төрхийг илтгэсэн тийм хэмжээний уялдаа зохицолдоог буй болгох шаардлагатай юм.

Кластераас кластерт өсөлтийг тогтворжуулах нь ертөнцийн хүн ардад үзүүлж буй та нарын үйлчилгээг онцгойруулж байгаа тэр шинж чанараас хамаарах билээ. Бодол санаа ба ажил үйлдэл тань арьсны үзэл, шашны, эдийн засгийн, үндэстний, омгийн, анги давхаргын болоод соёл заншлын гээд бүхий л төрлийн атгаг сэжиг үзлийн өчүүхэн ч гэсэн ул мөрөөс ангижирсан байж, улмаар үл таних хүн ч та нарыг өөрсдийн хамгийн эрхэм хайрт анд нөхдөө хэмээн харах ёстой юм. Төгс төгөлдөрийн хэм хэмжээ тань туйлын өндөр, амьдрал чинь туйлын цэвэр ариун бөгөөд ёс журамтай байх аваас та нарын үзүүлэх ёс суртахууны нөлөөлөл эргэн тойрны нийгмийн ухамсарт нэвтрэн орох болмой. Шүтлэгийн сургаал бичмэлд хүн бүрт эзэмшихийг уриалсан шулуун шударга төрх байдлыг та бүхэн илэрхийлэн харуулж баймаажин нийгмийн яс махыг ялзруулж буй ил ба далд үй түмэн төрлийн завхрал доройтлын эсрэг тэмцэж чадах билээ. Гагцхүү баян ядуугаас үл хамааран хүн бүрээс л нэр төр, эрхэм нандин байдлыг олж харж байж та нар сая шударга ёсны үйл хэргийг манлайлан хошуучилж чадах юм. Түүнчлэн институци байгууллагын тань хэрэгжүүлж буй захиргааны үйл явцууд нь Бахайн зөвлөлдөөний зарчмаар удирдагдаж байгаа тэр хэмжээгээр үй түмэн хүн ардууд Бахайн нийгэмлэгт орогнол олох болно.

Урагш давшин тэмүүлэхдээ Дээд тэнгэрийн Чуулган цэрэг хүчээ цуглуулан жагсааж, та нарт туслахаар бэлэн зогсож байгаа гэдэгт итгэлтэй байгтун. Бидний байнгын мөргөл та нарыг хүрээлэх болно.

 

Windows / Mac