Return   Facebook

The Universal House of Justice

Ridván 2001

To the Bahá’ís of the World

Dearly loved Friends,

Бид бүхний дунд шинэлэг сэтгэлгээ тодоор залран оршсон цаг үеийн эргэлтийн энэ мөчид бид чин зүрхэндээ агуу их баяр баясгаланг тээн, эрхэм дээд итгэл найдварыг горилон Ризваны эл баяртайгаа золгож байна. Өргөжүүлэлтийг тогтворжуулах, бэхжүүлэлтийг хангах үүднээс өсөлтийг тэтгэн хүний нөөцийг хөгжүүлэхэд үйл явцыг эрхэмлэхийн үнэ цэнэ, төлөвлөлт хийх шаардлага, системтэй үйл ажиллагааны ач тусыг манай дэлхий дахины нийгэмлэгт ойлгон ухамсарлах явдал өссөн байна. Хөгжил дэвшлийн эдгээр угтвар нөхцлийн талаар нэгдмэл цогц ойлголтод хүрэхийн ач холбогдлыг гүйцэт үнэлж үл дийлэхийн нэгэн адил сайтар зохион байгуулагдсан сургалтын замаар тэдгээрийг тэтгэн дэмжихийн чухлыг ч бас хангалттай үнэлэхийн аргагүй юм. Ийнхүү энэ цаг үед манай нийгэмлэг энэхүү ухамсарт хүрсэн нь бидний хувьд онцгой ач холбогдол бүхий үйл явдал мөн. Баярын эдгээр өдрүүдэд гараагаа эхэлж буй даян дэлхийн үйл ажиллагааны эхэнд үүнийг ухамсарлан үнэлэх сэтгэлийг өгсөн Адистат Гоо жавхланд бид гүн талархлаа өргөнөм.

Энэхүү ухамсрын үрээр төрсөн хүсэл зоригийн хүч нь Ариун Газар нэгдүгээр сард хуран цугларсан Тивийн Зөвлөхүүд, Туслах Зөвлөлийн гишүүдийн зөвлөгөөний шинж төрхийг тодорхойлсон билээ. Эл үйл явдал нь Шүтлэг Бүрэлдэн тогтох Эринийхээ шинэ, Тавдугаар Үед алхан орсныг зарлан тунхаглахад хүргэсэн хурц гэгээн сэтгэгдлийг төрүүлсэн билээ. Энэ түүхэн уулзалтаар дэлгэн харуулсан шинэлэг амьд эрч хүчийг нийгэмлэг даяарх үйл ажиллагааны чанар өсөн мандаж буйн илэрхийлэл болгон хүлээн авсан юм. Хороо хороогоор нэгдэн орох үйл явцыг урагшлуулахын зайлшгүй чухал нөхцлүүдийг биелүүлэхийн төлөө өнгөрсөн оны туршид явуулсан ажил нь энэхүү ажиглалтыг нотоллоо. Тийнхүү Тавдугаар Үед гараагаа эхэлж буй анхны ажил үйлс болох Таван Жилийн Төлөвлөгөөний зам мөр тавигдсан билээ.

Өнгөрөгч Дөрвөн Жилийн Төлөвлөгөөнд 300 гаруй сургалтын институтыг байгуулсан үндсэн хүчин чармайлтыг бэхжүүлснээр Арван хоёр сарын Төлөвлөгөө нь өөрийн зорилгоо хэрэгжүүлжээ. Тэр нь Шүтлэгийн институциуд ба хувь сүсэгтний зүгээс хүүхэд багачуудад оюун санааны хүмүүжил олгох, Бахайн нийгэмлэгийн амьдралд өсвөр насны залуучуудыг татан оролцуулахад анхаарлаа илүүтэй төвлөрүүлэх уриаг хэрэгжүүлэхэд мэдэгдэхүйц дэмжлэг үзүүлсний ачаар онцгой ач холбогдол олсон билээ. Хүүхдийн хичээлийн багш нарыг бэлтгэх, өсвөр насны хүүхэд залуучуудыг институтын үйл явцад оролцуулах явдал олон орны Бахайн үйл ажиллагааны ердийн хэсэг болжээ. Арван хоёр сарын Төлөвлөгөө хэдийгээр богинохон байсан боловч өөрийнхөө тодорхой зоригоос ч давуутай онцгой ач холбогдолтой байлаа. Энэхүү Төлөвлөгөө нь Бахайн түүхэн дэх нэгэн онцгой элбэг дүүрэн үйл явдал бүхий үе болон туйлын их нөөц чадавхийг агуулсан шинэ үеийг хооронд нь холбох эрч хүчтэй холбоос байсан бөгөөд өөрийн ололт амжилтаар нийгэмлэгийг шинэ Үед нь бэлтгэж өгсөн юм. Тэрхүү Төлөвлөгөө нь хүн төрөлхтний нийгмийн болон оюун санааны хувьсал хөгжлийн эгзэгтэй цаг үед манай гаригийн амьдрал болон Үйл хэргийн үйл явцуудад нөлөөлсөн хөл үймээнтэй хүчнүүдийг ойлгохыг хүсэн эрмэлзэгч Бахайн шүтлэгтэн бүрийн эргэцүүлэн тунгаавал зохих хорьдугаар зууны шувтарга дахь Шүтлэгийн үйл ажиллагааны арилан мартагдашгүй үр дүнгээрээ он тооллын бичигт сийлэгдсэн үлдэх болно. Хорьдугаар зууны талаар эргэцүүлэн тунгаах хичээл зүтгэлд тусламж болох үүднээс бидний хүсэлтээр мөн бидний удирлага доор “Гэрлийн зуун” хэмээх хорьдугаар зууны тоймчилсон судалгааг бэлтгэсэн юм.

Энэхүү нэг жилийн туршид олон тохиолдолд Шүтлэгийн гадаад хэргийн үйл ажиллагаа онцгой томруун байлаа. Жишээлэхэд, Бахайн төлөөлөгчид Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Нарийн бичгийн даргын санаачилгаар өнгөрөгч оны тав, найм есдүгээр сард болсон “мянганы уулзалт”-уудад амжилттай оролцсоныг эргэн санацгаая л даа. Бага Энх тайвны төлөө үйл явцуудад Бахайн Олон улсын нийгэмлэг ийнхүү ойр дотно, тод томруунаар ороцсоны ач холбогдлыг сайтар ойлгоход цаг хугацаа шаардагдана. Өөр бусад үйл явдлуудын дотор Олон улсын Бахайн нийгэмлэгийн ивээл доор ажилладаг шинэ байгууллага болох Дэлхий дахины хөгжил цэцэглэлтийн талаархи судалгааны Институтаас Энэтхэг улсад зохион байгуулсан тивийн хуралдааныг нэрлэж болно.

“Шинжлэх ухаан, шашин, хөгжил” хэмээх сэдэвтэй энэхүү зөвлөгөөнд Энэтхэгийн тэргүүлэх засгийн газрын бус байгууллагууд болон ЮНЕСКО, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Дэлхийн Банк зэрэг нэрд гарсан байгууллагууд оролцсон байна. 10 дугаар сард Бахайн дэлхийн мэдээллийн Алба (BWNS) Бахайн ертөнц даяар болж буй шинэ үйл явдлуудын талаар Бахай болон Бахай бус сонирхогчдод мэдээлэл хүртээхийг зорин интернэтэд өөрийн буланг буй болгожээ.

Өнгөрсөн жил Бахайн Дэлхийн Төвд явагдсан эрчимтэй үйл ажиллагаа нь анд нөхдөд өгөгдсөн тайлан мэдээнээс үзвэл голдуу Олон улсын Бахайн Сургалтын Төв нь Кармель Уулан дахь байнгын өргөөндөө заларсан, нэгдүгээр сард Ариун газар зохиогдсон Тивийн Зөвлөхүүдийн болон тэдний Туслах Зөвлөлийн гишүүдийн Зөвлөгөөн болсон, мөн Тавдугаар сард болох баярт ёслолын үйл ажиллагааны өмнөхөн сүүлчийн бэлтгэл нь өдгөө явагдаж буй Кармель Уулан дээрх барилгын төслийн дуусгавар болохтой холбоотой байлаа. Өнгөрсөн аравдугаар сард бүрэн ашиглалтанд орсон Хайфа дахь мөргөлчдийг хүлээн авах шинэ төвд анх удаа мөргөлчид, зочин гийчдийг хүлээн авсан байна. Бахжид, түүний эргэн тойрныг цэцэрлэгжүүлэхээс аваад ариун дагшин газрыг гоёж чимэглэх ажил үргэлжлэн явагдсан. Гэхдээ Коллинзын хаалганы цаана тус эдлэнгийн хойд захад зочид гийчдийг хүлээн авах зориулалттай төвийг барьж байгуулах шинэ төслийг өнгөрөгч оноос эхлэсэн нь уг ажилд онцгой эрч түлхэц болсон байна. Одоогоор энэхүү ажил бүх чиглэлд эрчимтэй явагдаж, засал чимэглэл, эргэн тойрны тохижуулалт зэрэг эцсийн шатны ажлыг хийж байгаа бөгөөд барилга хэдхэн сарын дараа бүрэн дүүрэн ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн байна. Энэхүү шинэ байр нь өсөн нэмэгдэж буй мөргөлчид, богино хугацааны айлчлалаар ирж буй Бахайчууд хийгээд түүнчлэн чухал зочдыг Дэлхийн Төвд хүлээн авах боломжийг нэмэгдүүлэх болно.

Оны үйл явдлын тоймыг төгсгөхдөө, өнгөрсөн Ризваны баяраар Жакарта хотноо болсон Үндэсний Чуулганаар Индонезийн Үндэсний Оюун Санааны Чуулга бараг гучин жилийн дараа дахин сэргэн байгуулагдсаныг бид баяртай мэдэгдэж байна. 1962 оны наймдугаар сард Бахайн Үйл ажиллагаанд тавьсан хориг нь Индонезийн Бахайчуудын үйл ажиллагааны эрх чөлөөг ихэд хязгаарлаж байсан боловч энэ их удаан хугацаанд тэд зовлон зүдгүүр хангалттай амссан боловч үнэнч тууштай, ухаалаг мэргэн хэвээр байсан бөгөөд тэр оронд нөхцөл байдал өөрчлөгдсөний үр дүнд уг хориг халагдсан байна. Тиймээс Иран, Египет болон бусад оронд хяхагдан хавчигдсан сүсэг нэгт анд нөхдийн талаар үүнтэй адил баярт мэдээг хүлээн авах цаг холгүй гэдэгт итгэн найдах шалтгаан бидэнд байгаа бус уу?

Эрхэм анд нөхөд өө. Одоогоос хорин жилийн дараа Бахайн ертөнц Бүрэлдэн тогтох Эрин эхэлсний зуун жилийн ойг тэмдэглэх болно. Бид анхандаа төсөөлөхөд ч бэрх байсан их амжилт бүтээлийн өндөрлөг дээрээс энэ Эриний үүр гэгээрсэн үеийг эргэн дурсаж байна. Тэрхүү зуун жилийн ойгоос биднийг тусгаарлаж буй цаг үеийн богино хугацаанд хийж бүтээх үүнээс ч агуу их амжилт бүтээлийн тэнгэрийн хаяа тэртээ дээрээс манай нийгэмлэгийг яаравчлан дуудаж байна. Бид тэдгээр оргилд авиран гарч чадна, авиран гарах ч ёстой билээ. Чухамдаа Таван Жилийн Төлөвлөгөө нь энэхүү зорилтыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд үүнд лэхий дахины анд нөхдийг түргэн шаламгай бөгөөд тогтвортой хүчин чармайлт гарган ажиллахыг бид уриалан дуудаж байна. Ирэх хорин жилийн хугацаанд бидний гүйцэлдүүлбэл зохих цуврал аянт ажлын эхнийх нь чухам энэ болой. Энэхүү Төлөвлөгөө нь хороо хороогоор нэгдэн орох үйл явцыг дорвитойгоор урагшлуулах ажилд дараачийн үе шатыг нь нээж өгөх болно. Энэ нь энэхүү амин чухал үйл явцыг тэргэсгэхийг шаардаж байгаа бөгөөд төлөвлөгөөний гурван бүрэлдэхүүн оролцогч болох хувь сүсэгтэн, институци [байгууллага], нийгэмлэгийн зүгээс системтэй хүчин чармайлтаа үргэлжлүүлэн дайчлахыг дуудаж байна.

Төлөвлөгөөний шаардлагуудын талаар энд тогтон тайлбарлахын шаардлагагүй бизээ. Учир нь, тэдгээрийг бид Ариун Газар хуран цугласан Зөвлөхүүдэд хандсан захидалдаа тусгаж өгсөн бөгөөд зөвлөгөөний дараа удалгүй Зөвлөхүүд өөр өөрсдийн хариуцан авсан орны Үндэсний Оюун Санааны Чуулгуудтай Төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар аль хэдийн зөвлөлдөж эхэлсэн юм. Тийнхүү Төлөвлөгөөний чиг удирдамж газар газрын нийт анд нөхдөд тодорхой болж, түүний ерөнхий зорилтыг биелүүлэх бэлтгэл ажил бүсийн болон орон нутгийн хэмжээнд явагдаж байна. Шүтлэгийг улс орнуудын доторхи улам олон бүс нутгуудад гүнзгий нэвтрүүлэхэд чиглэсэн хичээл зүтгэл гаргах ёстой тухай ерөнхий ойлголт өдгөө бий болоод байна. Жишээлбэл, нөхцөл байдал бүрэлдсэн тохиолдолд өөр хоорондоо ойр орших нийгэмлэгүүд эрчимтэй өсөлтийн хөтөлбөрт оролцон хамрагдах болно. Өөр бас нэгэн арга барил нь нээгдээгүй газар нутгийг системтэйгээр нээх явдал бөгөөд үүний тулд урьдын үед пионерүүд тив, далайг алгасан ариун үнэнч сэтгэлээр хилийн чанадад онгон газар нутгийг нээдэг дайсны адилаар дотоодын пионерүүдийг дайчлах ёстой юм. Холбогдох онцлог шижүүд нь аажим аажмаар нэвтэрч, үйл ажиллагаанд системтэйгээр нягтран уялдах тутам энэхүү тэнгэрлэг хөдөлгөөнийг өдөөн тэтгэж буй үйл явц өргөжин тэлэх болно.

Тав дахь Үеийн өвөрмөц шинж нь үндэсний нийгэмлэгүүд дэх нөхцөл байдлаас шалтгаалан үндэсний Мөргөлийн Ордонууд сүндэрлүүлэн босгох замаар нийгэмлэгийн оюун санааны амьдралыг баяжуулах явдал мөн. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх хуваарийг улс орнууд дахь хороо хороогоор нэгдэн орох үйл явцын урагшилттай хамааруулан Даян Дэлхийн Шударга Ёсны Ордоноос тогтооно. Энэ нь Абдул-Бахагийн Тэнгэрлэг Төлөвлөгөөний шат дараалсан үе шатуудаар дамжин хөгжих болно. Өрнөдийн Мөргөлийн Эх Ордон баригдсаны дараагаар тивийн мөргөлийн орднуудыг барих хөтөлбөрийг Асран тэтгэгч эхлүүлсэн билээ. Хамгийн түрүүнд Кампала, Сидней, Франкфуртад Арван жилийн төлөвлөгөөний зорилтын дагуу байгуулагдсан Машрикул-Аскарууд байсан билээ. Гэвч тивийн хэмжээнд Мөргөлийн Ордонг барьж байгуулах ажил хараахан дуусаагүй байсан бөгөөд нэг ордонг барих ажил үлдээд байгаа юм. Энэхүү баярт мөчтэй давхцуулан бид баяр талархал дүүрнээр хамгийн сүүлчийн төслийг хэрэгжүүлэх болсныг зарлаж байна. Таван Жилийн Төлөвлөгөөний үеэр бид Өмнөд Амеркийн Мөргөлийн Эх Ордонг Чилигийн Сантьяго хотод босгон барих ажлыг эхлүүлэх бөгөөд энэ нь Шоги Эффендигийн тодорхой илэрхийлсэн хүслийг гүйцэлдэх болно.

Үүний зэрэгцээгээр Нум дахь шинэ барилгуудад нүүн орсон институциудын үүргүүдийг Дэлхийн Төвд хөгжүүлэх талаар цаашдын алхмуудыг авч явуулах нөхцөл бүрэлдсэн байна. Олон Улсын Сургалтын Төв нь ажилдаа нэгэнт дорвитой ахиц гаргасан тул одоо Судар бичгийн хүрээлэнгийн ажлыг зохион байгуулахад онцгой анхаарал хандуулах болно. Түүний гол зорилт нь англи хэлнээ орчуулагдсан Ариун Судар номуудын сан хөмрөгийг баяжуулах явдал юм. Энэхүү байгууллагын зорилго бол аливаа асуудлыг Ариун Сургаал бичмэлтэй тохиолдуулан тулгахад нь Даян Дэлхийн Шударга Ёсны Ордонд туслах, Шүтлэгийн эрх мэдэлт бичвэрүүдийн орчуулга, тайлбарыг бэлтгэхэд оршино. Үүний зэрэгцээ Ариун газар, Бахайн Дэлхийн Төвд хүрэлцэн ирэх мөргөлчид, зочид гийчдийн тоог цаашид нэмэгдүүлэх боломжийг нээх арга хэмжээ боловсруулахад чиглэсэн хүчин чармайлтыг үргэлжүүлнэ.

Таван жилийн өмнө Ризваныг тохиолдуулан явуулсан илгээлтдээ бид Кармел Уулан дээрх барилгын төслүүд дуусгавар болсныг тэмдэглэж, Бабын Бунханы Дэнжин шатнуудыг олон нийтэд нээхэд зориулсан том арга хэмжээг Дэлхийн Төвд зохион байгуулна гэдгийг зарласан билээ. Энэ цаг мөч ойртож байгаа бөгөөд 5 дугаар сарын 21-нээс 25-ныг хүртэлх таван өдрийн хөтөлбөрт оролцохоор бараг орон бүхнээс морилон ирэх анд нөхдөө бид баяртайгаар угтан авахаар зэхэж байна. Түүнчлэн энэхүү үйл явдлыг интернет болон хиймэл дагуулаар Бахайн ертөнцөд шууд дамжуулах талаар шаардлагатай алхмууд авч хэрэгжүүлж байгааг мэдэгдэхдээ туйлын баяртай байгаа бөгөөд энэ талаар холбогдох мэдээлэл өгөгдөж байгаа болно. Дэлхийн Төвд бэлтгэл ажил ид өрнөж байгаа энэ үед Хайфа хотын оршин суугчдын дунд хөөр баяр нэмэгдэж, хотын захиргаа энэ арга хэмжээтэй давхцуулан “Израйлийн Хайфа хотын Кармел уулан дахь Бахайн Бунхан ба цэцэрлэгт хүрээлэн. Төсөөллийн аялал” гэдэг ном хэвлүүлэн гаргах гэж байгаа ажээ. Түүнээс гадна Израилийн Шуудан холбооны захиргаа Дэнжин шатуудыг харуулсан маркийг уг арга хэмжээний үеэр хэвлэж агргахаар ажиллаж байна. Уг үйл явдал нь нэн түрүүнд хорьдугаар зууны туршид Үйл хэрэг маань ямар хөгжил дэвшилд хүрснийг гайхалтай өндөрлөг дээрээс эргэцүүлэн харах агшинг хайрлахаараа ач холбогдолтой билээ. Мөн энэ нь манай Шүтлэгийн оюун санааны болон захиргааны төвүүдийг ертөнцийн мэлмийн өмнө дэлгэн харуулсан Бурханы ариун уулан дээрх сүрлэг барилгуудын бүтээн босголтоор бэлэгдсэн ирээдүйн гайхалтай амжилт бүтээлүүдийг тунгаан эргэцүүлэх цаг үе болох юм.

Ийнхүү манай нийгэмлэг хөөр баяраар дүүрэн байх энэ үест амсхийн тайвширч суух цаг үгүй гэдгийг гишүүн бүр нь санаж яваг. Өнөөгийн хүн төрөлхтний зовлонт хувь тавилан туйлын хөөрхийлөлтэй байгаа тул манай энэ цаг үед тэнгэрээс бууж ирсэн Амьдралын Талхыг бусадтай хуваалцахдаа хором ч атугай тээнэгэлзэн алгуурлах учир үгүй билээ. Тиймээс үнэнд хүрэхийг тэмүүлэн цангаж буй бүх хүмүүсийг Эздийн Эзэн тэнгэрийн Зоогийн ширээнээ урин залах үйлст амжилт амлан буй үйл явцыг урагшлуулахад саад тотгор бүү учраг.

Тэнгэрлэг Тогтолцооныхоо хувь заяаг анхааран хамгаалагч Тэрээр, та бүхний өмнө дурайж буй хойшлуулшгүй үүрэг даалгаваруудаа биелүүлэхийн төлөө хийх хичээл зүтгэл бүрийг тань удирдан залж, адислан тэтгэх болтугай.

 

Windows / Mac