Return   Facebook

The Universal House of Justice

Ridván 2002

To the Bahá’ís of the World

Dearly loved Friends,

Бүрэлдэн тогтох Үеийн Тавдугаар Эриний эхэн үед Шүтлэгийн дотоод болон гадаад чанадад тохиолдож буй сүрлэг үйл явдлууд нь бидний гайхал бахдлыг төрүүлж байна. Үйл хэргийн маань хүрээнд өнгөрсөн тавдугаар сард Кармел Уулан дээрх барилгууд баригдаж дууссаныг тэмдэглэсэн түүхэн ач холбогдол бүхий арга хэмжээнүүд нь гариг дэлхий даяар хиймэл дагуулын тусламжтайгаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн дэлгэр цацагдсан нь хүний сэтгэлийн чавхдсыг татсан урьд өмнө хэзээ ч байгаагүй Бахайн үйл явдал болсон юм. Кармелын Илгээлт бичгийн зөгнөл тийнхүү илрэлээ олж, амьсгаа дарам гоо үзэсгэлэнгээ ертөнцийн мэлмийн өмнө дэлгэснээр Бахауллагийн Үйл хэрэг үл мэдэгдэх байдлаасаа улам мутран гарч, гоц хөгжлийнхээ шинэ өндөрлөгт үсрэн дүүлж, Эрин цагийн он тоололд арилшгүй ул мөр үлдээсэн агшин болсон билээ.

Дийлдэшгүй хүчирхэг Шүтлэгийн маань амин чадлын энэхүү гадаад илрэл нь түүнчлэн Таван Жилийн Төлөвлөгөө өнгөрсөн Ризванаар гараагаа тавьснаас хойш өрнөж ирсэн дотоод үйл явцуудад эрч хүч нэмж өгсөн юм. Тиймээс үндэсний чуулгануудаар хуран цугласан төлөөлөгчид болоод дэлхий дахинаа амьдарч буй Бахауллагийн бусад бүх дагалдагч нарт хандан, Төлөвлөгөөний эхний жилд бидний зүрх сэтгэлийг баясгаж, уг Төлөвлөгөний цаашдын аян зам тоолж баршгүй нөөц бололцоогоор дүүрэн байна гэдэгт бидний итгэлийг батжуулсан цөөн хэдэн онцгой ололтуудын талаар бидэнтэй хамт эргэцүүлэн тунгаахыг урьж байна.

Өнгөрсөн Ризваны өмнөхөн болон дараа нь Үндэсний Оюун Санааны Чуулгууд Төлөвлөгөөний шаардлагуудын талаар Тивийн Зөвлөхүүдтэй хэлэлцэж, төлөвлөлт хийх цуврал хуралдааныг өрнүүлсэн билээ. Энэ бүхний үр дүнд хороо хороогоор нэгдэн орох үйл явцын нэгэн шинэ онцлог шинжийг тодотгосон алхмуудыг хийснээр төлөвлөгөөний гараа бадрангуй эрч хүчээр тавигдсан юм. Үндэсний нийгэмлэг бүрт Бахайн институциуд тухайн орны газар нутгийг өсөлт, хөгжлийг тэтгэх зохих хүрээний үйл ажиллагааг явуулахад бүтэц хийгээд хэмжээ дамжааны хувьд дөхөм хэсэг нутгууд болгон хуваах зорилгоор өөрийн улс орныг системтэйгээр зураглах ажлыг эхлүүлсэн байна. 150 орчим орноос ирүүлсэн мэдээнээс үзвэл, энэхүү зураглалыг хийснээр өргөжүүлэлт, бэхжүүлэлтийг тодорхой эмх цэгц, загвартайгаар хэрэгжүүлэх боломжтой болсон юм. Ингэснээр улс орны нэг хэсэг нутгаас нөгөө хэсэг нутаг хүртэл системтэй өсөлтийг тогтвортойгоор тэтгэх чиг төлөв буюу зөн хараа буй болжээ. Энэхүү чиг төлөвийн дагуу авч үзвэл, өмнөх үеийн кампанит ажлуудаар онгон газар нутгууд хэмээн тодорхойлогдож байсан “онгон хэсэг нутгууд”–ыг нээх зорилгыг дотоодын пионерүүд өвөрлөх болж, харин нэгэнт нээгдсэн хэсэг нутгууд нь хувь сүсэгтэн, институци болон нийгэмлэг хэмээх Төлөвлөгөөний гурван бүрэлдэхүүн хэсгүүдийн бие биенээ харилцан эрчимжүүлсэн үйл ажиллагааны үрээр өөрийн дотоод хөгжилд гол анхаарлаа төвлөрүүлэх болсон байна.

Энэхүү ажил нь сургалтын институтын үйл явцын нөлөөнд эрч хүчээ нэмж байгааг харахад туйлын урам зориг хайрлаж байгаа юм. Өнгөрсөн жил олон оронд сургагч нарын тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн кампанит ажлуудыг авч хэрэгжүүлснээр институтын үйл явц дорвитойгоор бэхжиж чадсан юм. Сургалтын институт нэгэнт бат суурьтай болж, тогтмол ажиллагаатай болсон газруудад сургалтын дугуйлан, мөргөлийн цуглаан, хүүхдийн хичээл болох гурван цөм үйл ажиллагааны тоо харьцангуй хялбар байдлаар үржин нэмэгдсэн байна. Үнэндээ ч эдгээр үйл ажиллагаанд Бахайн анд нөхдийнхөө урилгаар улам олон эрэлхийлэгчид оролцох болсон нь уг гурван үйл ажиллагааны зорилгод цоо шинэ өнцгийг нэмж, улмаар шинээр сүсэгтэн буй болох явцад түлхэц үзүүлжээ. Энэ бол сургаалыг түгээх ажилд агуу их амлалт авч ирсэн чиглэл болох нь дамжиггүй юм. Анхандаа голдуу сүсэгтнүүдийн өөрсдийнх нь ач тусын төлөө зохиогдож байсан эдгээр цөм үйл ажиллагаа нь аажимдаа хороо хороогоор нэгдэн орох үйл явцын үүд хаалга болж иржээ. Хэсэг нутгийн хэмжээнд сургалтын дугуйлан, мөргөлийн цуглаан, хүүхдийн хичээлүүдийг уялдуулан зохион байгуулснаар үйл ажиллагааны нэгдэл шүтэлцээ хангагдаж, аль хэдийн нааштай үр дүнгээ өгч эхэлжээ. Энэхүү загварыг дэлхий дахинаа хэрэгжүүлэх аваас ирэх жилүүдэд Үйл хэргийн хөгжил дэвшилд асар их боломжийг нээж өгөх болно гэдэгт бид итгэл дүүрэн байна.

Ийм баяр бахдалтай төлөв хандлага бодитойгоор төлөвшиж чадсан нь Олон Улсын Сургалтын Төвөөс системтэй өсөлтийн талаархи дэлхийн нийгэмлэгийн ойлголт ухаарлыг баяжуулахад үлэмж их анхаарлыг төвлөрүүлсэнтэй холбоотой юм. Туслах Зөвлөлийн гишүүдийн үйлчилгээний шинэ хугацаа саяхан эхэлсэнтэй холбогдуулан тус Сургалтын Төвөөс жилийн сүүлийн саруудад 16 бүсэд Туслах Зөвлөлийн гишүүдэд чиг баримжаа олгох зөвлөгөөн зохион байгуулсан байна. Зөвлөгөөн тус бүрт Олон Улсын Сургалтын Төв нь өөрийн хоёр гишүүнээ төлөөлүүлэн оролцуулсан бөгөөд “сургалтын институт ба системтэй өсөлт”–ийн сэдэвт голлон төвлөрсөн эдгээр зөвлөгөөнд цөөн хэдээс бусад дэлхийн бүх Туслах Зөвлөлийн гишүүд оролцож, арвин их мэдлэг авснаа цаашид өөрсдийнхөө цуцалтгүй хөдөлмөрөөрөө нийт нийгэмлэгтээ хүртээл болгон цацах юм.

Ийм их баялаг туршлагатай болж, тэнгэрлэг жолоотой төлөвлөгөөндөө ийм их анхаарлаа төвлөрүүлж чадсан нийгэмлэг маань Ариун Газар 2001 оны 5 дугаар сард болсон үйл явдлаас хойш үй олон эмх замбараагүй явдлын намагт улам их живэх болсон ертөнцийн оршин суугчид уруу хараагаа хандуулж байна. Чухамдаа ийм л найрсаг бус мэт санагдаж болох нөхцөл байдалд Үйл хэрэг маань урагшлан дэвших, хөгжин цэцэглэх тавилантай билээ. Эздийн Эзэн тэнгэрийн Дуудлага болон саяхан хэвлэгдсэн дэлхийн хаад, удирдагч нарт хандан бичсэн Бахауллагийн Илгээлтүүдийн бүрэн эхийн англи орчуулгын шинэхэн боть сургаал нь шударга бус байдал, дарангуйлал, авилгалын эсрэг анхааруулж байсан Түүний анхааруулгыг үл ойшооосны аймшигт үр дагаврын талаар дахин сэрэмжлүүлж байгаа нь цаг үеэ олжээ. Хүн ардын ухаарал сэхээрэлд тулгараад буй ширүүн цохилтууд нь Түүний хайрласан анагаах хүчийг яаравчлан хэрэглэх шаардлагыг онцолж байгаа билээ. Бахауллагийн үнэнч шадар зарц нарын энд тэнд тархсан бүлгүүд бид Түүний Үйл хэргийг түгээн дэлгэрүүлэх, Түүний гайхамшигт Тогтолцоог бүтээн босгох, оюун санааны үйл ажиллагааны амжилт, хэрэгжилтийг хангахад гарцаагүй шаардлагатай материаллаг нөөцийг нэн даруй золиослонгуйгаар хангахад татгалзаж болшгүй асар их боломж бололцоо бүхий цаг үетэй дахин золголоо.

Бидний зайлсхийхийн аргагүй даалгавар бол өнөөгийн үймээн самуунт байдлыг ашиглан ертөнцийн энх амгаланг баталгаажуулан тогтоож чадах цорын ганц Сургаалын хувьсгах увдисыг ямар ч айх эмээх, тээнэгэлзэх зүйлгүйгээр түгээж, нотлон харуулахад оршиж байна. Адист Гоо жавхлан Өөрийн хүчирхэг үг айлдвараар биднийг чадваржуулан, амжилтыг маань баталгаажуулсан бус гэж үү? “Дэлхий ертөнцөд болж буй үйл явдлууд чиний сэтгэлийг бүү гуниглуулаасай. Бурханы нэрийг барин Би тангараглая. Хөөр баярын далай чамайг угтан авахаар тэмүүлж байна, учир нь чамд зориулан бүтээгдсэн сайн зүйл бүхэн цаг үеийн шаардлага хэрэгцээгээр чамд нээгдэн тодрох болмой” хэмээн Тэрээр хайр энэрлээрээ зөвлөн айлдсан билээ.

Ямар ч эргэлзээ тээнэгэлзлийн мананд үл сэвтэж, ямар ч саад тотгорт үл автаж, гартаа Төлөвлөгөөгөө атган урагш тэмүүлэн давшигтун.

 

Windows / Mac