Return   Facebook

The Universal House of Justice

Ridván 2004

To the Bahá’ís of the World

Dearly loved Friends,

Таван Жилийн Төлөвлөгөөний гурав дахь жил улиран одлоо. Дөрвөн Жилийн Төлөвлөгөөний үеэр гараагаа авч эхэлж, Арван хоёр Сарын Төлөвлөгөөний үеэр хүүхэд багачуудын Бахайн боловсролд чиглэсэн онцгой анхаарлын үрээр бэхжсэн үйл явцуудыг өнгөрсөн хэдэн жилийн турш тасралтгүй дэмжин хөгжүүлж ирсний үр дүнд анх суурь нь тавигдсан тэр үед төрж байсан итгэл найдвар эдүгээ биеллээ олж байна. Гариг дэлхийн өнцөг булан бүрт Төлөвлөгөөний гурван оролцогч болох хувь сүсэгтэн, нийгэмлэг, институци ( байгууллага) тус бүрнээ өөрийн онцлогийг хадгалсан онцгой үүрэг хариуцлагатайгаар оролцож байгаа ч нэг нэгнийхээ үйл ажиллагааг харилцан эрчимжүүлж ирлээ. Сургалтын дугуйлан, хүүхдийн хичээл, мөргөлийн цуглаан гэсэн цөм үйл ажиллагаанууд нь амин чухал анхдагч ухагдахуунууд болж төлөвшсөн бөгөөд бие биеэ харилцан нөхөн гүйцээх замаар ололт амжилтанд хүрсэн нь Бахайн нийгэмлэгийн амьдралын бусад бүхий л элементүүдэд эрч хүч хайрлаж, амжилт бүтээлийн замыг нь нээж байна. Хүний нөөц улам нэмэгдэн бэхжиж, мандан бадарч буй амьдралын эрч хүчийг тэтгэх шинэ соргог шаардлага хэрэгцээг хангах талаар Орон Нутгийн Оюун Санааны Чуулгууд урьд урьдынхаас илүү бэлтгэлтэй болж байна.

Бөмбөрцөг даяар хүүхэд багачуудын Бахайн боловсролыг хөхүүлэн дэмжих чадавхи дорвитой хөгжсөн байгаа нь ер бусын онцгой сэтгэгдэл төрүүлж байна. Өсвөр үеийн хүүхэд залуучуудыг оюун санааны хувьд чадваржуулахад чиглэсэн анхны хүчин чармайлтууд амжилтанд хүрч байна. Үйл ажиллагааны нэг төвшнөөс дараагийн дээд төвшинд шилжин дэвших хэсэг нутгуудын шилжилт хөдөлгөөн өрнүүн явагдаж, энэ үйл явц улам урагшлан дэвших тутам үнэнч бадрангуй сүсэгтнүүдийн хүрээг тойрон хэдийгээр хараахан Бахай болоогүй ч, Төлөвлөгөөний цөм үйл ажиллагаануудад урам зоригтойгоор оролцож буй олон тооны хүмүүсийн хүрээ үүссэн байна. Эрчимтэй өсөлтийг тэтгэн зохицуулах захиргааны бүтэц, механизм тодорхой хэдэн хөгжингүй хэсэг нутгуудад бий болж эхлээд байна. Үндэсний Чуулгууд өөрсдийн орны бүх хэсэг нутгуудын хэрэгцээ шаардлагыг ханган ажиллахын сацуу маш их ирээдүйтэй тодорхой хэсэг нутгуудад онцгой голлох анхаарлаа хандуулж, сургалтын институтаар дамжуулан тэдгээр газруудыг хурдацтай бөгөөд тогтвортой өсөлтийн төвүүд болгохын тулд хүний нөөцийг тасралтгүй нэмэгдүүлэн бэхжүүлэхэд нь урам зориг, дэмжлэг хайрлахын үнэ цэнийг ойлгон ухаарсан байна.

Бидний зөгнөж байсанчлан, сургалтын институт нь өсөлтийн гол хөдөлгүүр болохоо баталж байна. Өөрсдийн нийгэмлэгийн шаардлага хэрэгцээ, боломж бололцоогоо дүгнэн үзсэний үндсэн дээр Үндэсний Оюун Санааны Чуулгуудын дийлэнхи хувь нь Рухи Институтын боловсруулсан сургалтын материалыг Төлөвлөгөөний хэрэгцээ шаардлагад хамгийн нийцэхүйц болохыг мэдэрч уг материалыг ашиглахаар сонгож авсан байна. Энэ нь олон талын ашигтай байсан бөгөөд нэг ижил материалыг олон өөр хэл дээр орчуулж, улмаар хаашаа ч аялж байгаа Бахайчууд тэндхийн анд нөхөд мөн адил замыг сонгосон болохыг ойлгож, танил болсон материал, арга барилыг ашиглаж байгааг харж байна.

Эмх замбараагүй олон улсын нийгэм нь үзэл бодол, ашиг сонирхлын зөрчил мөргөлдөөнд идэгдэж, терроризм, хээл хахууль, хууль завхруулалт болоод эдийн засгийн уналт, ядуурал, өвчин зовлонд нэрвэгджээ. Энэ бүхний дунд Бахайн нийгэмлэг тэнгэрлэг үүдэл нээлт бүхий зөн хараанаас онгод хүч авч, бат бөх үндэс сууриа бэхжүүлж, өмнөө тулгарч буй элдэв саад бэрхшээлд үл сөгдөж, нэгэнт эхлүүлсэн үйл явцуудынхаа ачаар улам хүчирхэгжиж, улмаар урьд өмнөхөөсөө илүү тод томруунаар гэрэлтэн туяарч байна. Гэнэтийн нөхцөл байдалд барьц алдахааргүй Бахайн ертөнцийн чадавхийг турших нэгэн сорилт яг нэг жилийн өмнө тулгарсан бөгөөд янз бүрийн аюул нүүрлэсний улмаас Бахайн Олон Улсын Чуулганыг зохион байгуулах ажлыг болиулсан боловч Даян Дэлхийн Шударга Ёсны Ордоны сонгууль болдгоороо болж, Төлөвлөгөөний ажил нэг ч алхам ухралгүй урагш ахин дэвшсэн билээ. Үүний хажуугаар Иракт үймээн самуун эмх замбараагүй байдал үүссэн боловч тэр орны Бахайчуудтай холбоо тогтоож, улмаар Орон Нутгийн Оюун Санааны Чуулгуудыг дахин байгуулах боломж бий болсон юм. Харин энэ Ризванаар гуч гаруй жил хавчилт шахалтан доор байсны эцэст Иракийн Үндэсний Оюун Санааны Чуулга дахин сэргэн сонгогдож, Олон улсын Бахайн нийгэмлэгийн дунд зохих байр сууриа эзлэх болсны баярт мэдээг та бүхэндээ зарлаж байна.

Ертөнцийн хүн төрөлхтнийг донсолгож байгаа салхи шуурганд хөл алдалгүйгээр нэгэнт сонгосон зүг чигтээ улам эрч хүч, итгэл зоригтойгоор үргэлжүүлэн давшихыг энэ цаг мөчид Тэнгэрлэг Төлөвлөгөө биднээс шаардаж байна. Адистат Гоо жавхлан та бүхний алхаа бүрийг удирдан чиглүүлж Эрхэм дээд тэнгэрийн чуулган Түүний Шүтлэгийн хөгжил дэвшлийн төлөөх та бүхний хүчин чармайлт бүрийг шинэ эрч хүчээр амьдруулах болно гэдэгт итгэл дүүрэн байгтун.

 

Windows / Mac