Return   Facebook

The Universal House of Justice

Ridván 2020

To the Bahá’ís of the World

Dearly loved Friends,

Эдүгээ үүссэн хоёр талт бодит байдлын улмаас бид та бүхэнд ийнхүү хандан бичихэд хүрлээ. Эхнийх нь коронавирусын цар тахлын гайгаар аймшигтай аюул заналхийлж байгааг ертөнц даяар улам их ухааран мэдрэх болсон явдал юм. Энэхүү гамшгийг хөөн зайлуулах гэж хамтын зоригтой бөгөөд шийдэмгий алхмууд авч хэрэгжүүлж байгаа боловч байдал нэгэнт хүндэрч, олон ч хүн, айл өрх зовлон эмгэнэлд автаж, улс нийгмүүд бүхэлдээ хямралын гүнд унажээ. Гай зовлон, уй гашуудлын давалгаа нэг газраас нөгөө газарт халин нэвтэрч байх агаад энэ нь олон улс үндэстнийг өөр өөр цаг мөчид өөр өөр маягаар тамирдуулан сулруулах болно.

Өдрөөс өдөрт бүр ч их тодорхой харагдах болсон хоёр дахь бодит байдал бол амьд хүн төрөлхтний ой санаанд урьд өмнө нь байгаагүй хүнд бэрхшээлтэй тулгарахдаа Бахайн ертөнц амь бөхтэй, бууршгүй эрч хүчтэйгээ харуулж байгаа явдал мөн. Хүнд хэцүү байдалд та бүхний өгсөн хариу үнэхээр гайхайлтай. Нэг сарын өмнө Наурузын баярыг тохиолдуулан та нарт хандан бичихдээ бид үйл ажиллагааных нь хэвийн хэмнэл алдагдахад хүрсэн нийгэмлэгүүдийн харуулж буй шинж чанарыг гайхан биширч байгаагаа чухалчлан илэрхийлж байсан билээ. Тэгвэл түүнээс хойших хэдэн долоо хоногийн хугацаанд урд урдаас ч илүү чанга хязгаарлалтанд орсон хирнээ олон анд нөхдийн хийж бүтээж байгаа бүхэн бидний гайхан бишрэх сэтгэлийг улам л гүнзгийрүүлсэн юм. Дэлхийн бусад бүс нутагт хуримтлуулсан туршлагаас санаа авсан зарим нийгэмлэг аюулгүй бөгөөд бүтээлч арга замуудыг ашиглан өөрийн хүн амын дунд нийтийн эрүүл ахуйн шаардлага хэрэгцээний талаар ухуулан ойлгуулах үйл ажиллагаа хэрэгжүүлжээ. Мөн вирусын халдвар авах болон вирусын тархалтын улмаас үүссэн эдийн засгийн бэрхшээлд өртөх эрсдэл өндөр бүхий хүмүүст онцгой анхаарал хандуулж байна. Энэ талаар Бахайн дэлхийн мэдээний алба (Baha'i World News Service)-аас нийтлүүлсэн мэдээнд тусгасан санаачлагууд нь эдүгээ хэрэгжиж буй тоолж баршгүй олон үйл ажиллагааны зөвхөн цөөн хэдхэн төлөөлөл төдий юм. Ийм санаачлагуудын зэрэгцээ яг энэ цаг үед тун шаардлагатай байгаа оюун санааны зан чанаруудын талаар судлах, тэдгээрийг хөхиүлэн дэмжих, төлөвшүүлэн хөгжүүлэхэд чиглэгдсэн олон хүчин чармайлт хийгдэж байна. Тухайн нөхцөл байдлын улмаас ийм хүчин чармайлтын нэлээд хэсэг нь гэр бүлийн хүрээнд эсвэл ганц ганцаараа хийгдэж байгаа бол бололцоо байгаа эсвэл холбоо харилцааны хэрэгсэл ашиглах боломжтой газар адил нөхцөл байдлыг амсаж буй хүмүүсийн хооронд эв санааны нэгдлийн гайхалтай үзэл санааг идэвхтэйгээр дэлгэрүүлж байна. Хамтын хөгжил дэвшилд тун чухал үүрэгтэй нийгэмлэгийн амьдралын эрч хүч ийнхүү үл сулрах бөлгөө.

Түүнчлэн Гэрлийн Армийн гандан бууршгүй генералууд болох Үндэсний Оюун Санааны Чуулгууд нь энэхүү хямралд хөлөө олж, өөрийн өгөх хариугаа тодорхойлон хэрэгжүүлэхэд нь нийгэмлэгээ удирдан чиглүүлж байгаад бидний сэтгэл хөөрөн баясаж байна. Хайрын үйлчилгээний туг далбааг хэзээд баатарлагаар өндөрт мандуулж ирсэн тивийн Зөвлөхүүд ба тэдгээрийн туслахууд Чуулгуудыг баттай дэмжин түшиж байгаа билээ. Өөрсдийн улс оронд нөхцөл байдал түргэн өөрчлөгдөж байгаатай хөл нийлүүлэн Үндэсний Чуулгууд нь Бурханы Үйл хэргийн ажил хэргийг авч явуулахад, тухайлбал боломжтой тохиолдолд сонгуулийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай зохион байгуулалтыг хийж байна. Тогтмол захидал харилцаагаар институци агентлагууд нь анд нөхдөд мэргэн зөвлөгөө, тайтгаруулах үг ба байнгын урам зориг хайрлаж байна. Олон ч тохиолдолд тэд тухайн нийгэмд шинээр ундран гарсан хэлэлцүүлэг ярианд бүтээлч сэдэв, санаа нэмэрлэж эхэлсэн байна. Наурузын илгээлтэндээ бид хүн төрөлхтөнд нүүрлэсэн чадал тэнхээ сорьсон энэхүү сорилт бэрхшээл нь агуу ухаарал хайрлаасай хэмээн хүсэн найдаж байгаагаа илэрхийлж байсан маань эдүгээ аль хэдийн биеллээ олж байна. Улс орны удирдагч, нэр нөлөөтэй сэтгэгч, сурвалжлагч нар сүүлийн үед нийгмийн яриа хэлэлцүүлэгт ерөнхийдөө дурдагдахаа больсон байсан тодорхой суурь ойлголт ухагдахуунууд ба зоримог тэмүүллийг сөхөн авч, хэлэлцэж эхэлжээ. Одоогоор ийм яриа хэлэлцүүлгийн оч дөнгөж улалзаж эхлэх төдий байгаа ч хамтын ухамсард хүрэх цаг мөч ойртож байгаа болов уу хэмээсэн найдвар төрүүлж байна.

Ийнхүү завгүй үйл хөдөлгөөн дунд илэрхийллээ олж буй Бахайн ертөнцийн гуйвашгүй бат бөх чанарыг харан тайтгарах сэтгэл маань гэвчиг цар тахлын гай гамшиг хүн төрөлхтөнд юутай хүнд тусч байгааг харан гуниглан шаналах сэтгэл дор намдах юм. Харамсалтай нь, сүсэгтнүүд болон тэдний ойр дотны хүмүүс ч энэхүү зовлон зүдгүүрийг хуваалцаж байгаа гэдгийг бид сайн мэдэж байгаа. Нийтийн аюулгүй байдлыг сахих шаардлагын улмаас дэлхий ертөнцийн олон олон хүн анд нөхөд ба төрөл төрөгсдөөсөө зай аван хөндийрч байгаа нь заримынх нь хувьд үүрдийн хагацалд хүргэх юм. Өдөр бүр үүрийн гэгээнээр шинэ шинэ зовлон шаналал тухайн өдрийн нар жаргах хүртэл ирэх нь тодорхой мэт санагдана. Хайрт хүнээ алдсан тэдгээр хүмүүст хожим мөнхийн ертөнцөд дахин нэгдэхийн амлалт тайтгарал болох болтугай. Бид тэдний зүрх сэтгэлийн гашуун гасланг тонилгохын төлөө мөргөн залбирч байна. Мөн сургууль боловсрол, амьжиргаа, гэр орон, тэр ч бүү хэл амь зогоох арга хэрэгслээ алдах эрсдэлд орсон хүмүүсийг Бурханы гоо жавхлан ивээлдээ багтаагаасай хэмээн мөргөн залбирч байна. Та нарын төлөө болон энхрий хайрт хүмүүсийн тань төлөө, мөн та нартай эх орон нэгтэн бүх хүмүүсийн төлөө бид Бахауллад хичээнгүйлэн сөгдөж, Түүний адис ивээл, буян хишгийг горилон залбирч байна.

Туулах зам хэдийгээр урт удаан, хүнд хэцүү байх боловч та бүхэн хатуужил ба шийдэмгий зоригтойгоор аян замаа дуусан дуустал нь үргэлжлүүлнэ гэдэгт бид туйлын итгэлтэй байна. Та бүхэн итгэл найдвар, итгэл бишрэл ба уужуу сэтгэлийнхээ дотоод нөөцөөс шавхан улмаар бусдын хэрэгцээг өөрийнхөөсөө урьтал болгож, гачигдаж дутагдсан хүмүүст оюун санааны тэжээл авахад тусалж, өөрт буй асуултандаа хариу хүсэх цангаа нь улам нэмэгдэж буй тэдгээр хүмүүсийн цангааг нь тайлж, дэлхий ертөнцийн сайн сайхны төлөө хүчин зүтгэхийг хүсэн мөрөөдөж буй тэдгээр хүмүүст боломж бололцоог нь нээж өгч байгаа билээ. Адист Төгс үзэсгэлэнгийн үнэнч дагалдагч нараас бид үүнээс бага зүйл хүсэн хүлээж яахин болох билээ?

 

Windows / Mac